Нүхэн жорлонд бага насны хүүхэд унаж амиа алдсан харамсалтай хэрэг Ховд аймгийн Жаргалант суманд гарчээ. Тодруулбал, тус сумын Тахилт багийн 10 дугаар гудамжинд бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлага зургаадугаар сарын 13-ны шөнө иржээ.
Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиход нэг ой долоон сартай Н охин 5 метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж осолдсон байжээ. Алба хаагчид 5 минут ажиллан цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.