УИХ-ын сонгуулийн санал хураах өдөр хүртэл 9 хоног үлдэв. Сонгуулийн сургаар элдэв ТББ, нэр дэвшигчдийн штабууд “Сонгогчдийн боловсрол” гэсэн үгийг тод томруун хэрэглэж, сонгогчдын саналыг татах үйл ажиллагаагаа идэвхжүүлж байдаг. Харин сонгуулийн дүнгийн дараа сонголтонд сэтгэл дундуур хэсэг хамаг бурууг сонгогчид руу чихэж, сонгогчдын боловсрол муу байгаагаас сонголтыг зөв хийж чадаагүй хэмээн шүүмжилдэг. Энэ талаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Боловсролын сэтгэл судлалын тэнхимийн багш, дэд профессор М.Нарантуяа ийн өгүүлжээ.
Сонгогчдын боловсрол муу гэсэн асуудал хөндөгддөг нь иргэдийн боловсролд байж болох ч хамгийн гол нь нэр дэвшигчдийн ёс зүйтэй холбоотой. Ёс зүй гэдэг бол сонгуулийн сурталчилгаа, сонгуулийн үйл ажиллагааны үндсэн суурь зарчим нь, шаардлага нь байх ёстой. Ёс зүй нь ил тод, тэгш, шударга, хамтын, оюунлаг мөн чанартай. Ард иргэдийнхээ сайн сайхныг эрхэмлэх, ард түмний эрх ашигт нийцсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.
Ер нь ам ажил зөрөх нь сэтгэл судлалын шинжлэх ухаанд “ухамсар ба үйл ажиллагааны нэгдлийн зүй тогтол, зарчим”-ын алдагдал, өөрчлөлт гэж үздэг. Ухамсартай буюу өөрийн ухаантай байгаа хүний ам ажил зөрөх ёсгүй гэсэн үг. Нөгөө талаас энэ бол улс төрчдийн ажлын том шалгуур, улс төрд оролцох эсэхийг шийдвэрлэх үзүүлэлт юм.
Ард иргэдийн сэтгэл зүй хэзээ тайван, амар амгалан, ухаалаг, оюунлаг шийдвэр гаргах вэ гэвэл:
Нэг: Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа төрийн мэдээлэл нь улс орны үндсэн эрх ашигт, иргэдийн хэрэгцээ, зорилго, амьдралынх нь чанарыг сайжруулж, эерэг нөлөө үзүүлж байгаа эсэх
Хоёр: Ажил хэрэг болгох арга зам нь хэр оюунлаг, ёсзүйтэй, гоо зүйтэй, эдийн засгийн үндэслэл, асуудлыг шийдэх арга замуудыг дэвшүүлсэн, гарч болох эерэг болон сөрөг үр дүнг нарийн тооцож, судалсан эсэх
Гурав: Тодорхой байх, олон нийтийн сэтгэлийг хүндэтгэсэн, сэтгэлд нь нийцэхүйц мэдээлэл хүргэвэл сонгууль үр дүнтэй болно.