Жил бүр “The Institute for Economics and Peace” хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Дэлхийн энх тайванч орон” шинэ чансаа гарлаа. Тус хүрээлэнгийн шинжээчид дэлхий ертөнц сүүлийн 13 жилд тайван амгалан болсныг онцлон тэмдэглэжээ.
Энэ чансааг тухайн орны хүний эрх, улс төр, эдийн засгийн тогтвортой байдал, олон нийтийн эв нэгдэл, алан хядах ажиллагаа байдаг эсэх, цагдаа, цэргийн тоо, дайн байлдаантай эсэх зэрэг олон үзүүлэлтийг үндэслэн гаргадаг байна.
Чансаанд дэлхийн 163 орон хамрагджээ. Хамгийн амгалан тивээр Европ тив шалгарсан. Дэлхийн хамгийн энх тайванч орноор 2008 оноос хойш Исланд улс тасралтгүй тодорч байна. Шилдэг 5-д мөн Шинэ Зеланд, Австри, Португал, Дани багтжээ.
Хамгийн энх тайванч бус буюу өөрөөр хэлбэл дайнч улсаар Афганистан, Сири, Ирак, Өмнөд Судан, Йемен шалгарсан. Энэ таван улс сүүлийн таван жил тасралтгүй хамгийн сүүлд жагсаж байгаа билээ. Монгол Улс энэ жил өнгөрсөн жилээс байраа долоогоор ахиулж, 39 дүгээр байрт бичигдсэн байна.