УОК-ын өнөөдрийн хуралдаанаар зургаадугаар сарын 21-нд АНУ-ын Сиэтл хот руу тусгай үүргийн нислэг үйлдэх шийдвэр гаргалаа. Уг нислэгээр АНУ-д хүмүүнлэгийн тусламжаар олгож буй нэг сая ам.долларын хамгаалалтын хувцас хэрэгслийг хүргэж өгөх юм. Ингэхдээ АНУ-д гацсан хүндэтгэн үзэх шалтгаантай 250-260 иргэнийг татан авахаар болсон байна.
Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин “Маргааш Энэтхэг рүү тусгай үүргийн нислэг үйлдэж, ламхай нарыг авчирна. Зургаадугаар сарын 17-нд БНСУ-аас зөвхөн транзитаар ирсэн иргэдээ татан авна. Зургадугаар сарын 18-нд БНСУ-д ажиллаж амьдардаг иргэдээ авчирна. Зургадугаар сарын 21-нд АНУ руу нислэг хийнэ.
Мөн зургадугаар сарын 20-нд Зүүн Өмнөд Ази руу нислэг хийх талаар судалж байна. Энэ сард 2300 орчим иргэдээ татан авна. Өнгөрсөн хугацаанд агаараар, авто зам, төмөр замаар 63 мянган иргэнээ татан авсан байна. Агаарын тээврээр л гэхэд 9500 иргэнээ татан аваад байна” гэсэн юм.