Өнгөрсөн долоо хоногийн ням /2020.06.07/ гарагт Улсын их дэлгүүрт гал гарсан. Үүнтэй холбогдуулан Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр /2020.06.10/ ОБЕГ болон ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж, нөхцөл байдлын мэдээллийг сонслоо.
Энэ үеэр ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Отгонжаргал: “Галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгаа ч инжээчийн дүгнэлт хараахан гараагүй байна. Урьдчилсан байдлаар дээвэр дээр ажиллаж байсан компанийн ажилчдаас мэдүүлэг авсан.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.11.2-т зааснаар хэрэг бүртгэл нээж, хэргийг шалгаж байна. Урьдчилсан байдлаар дээвэр дээр засвар хийж байсан ажилчдын нэг нь хар цаас халааж байх үед дээврийн хөөсөнд гал өгч, гал гарсан гэж мэдүүлсэн. Гэхдээ галын голомт хаанаас, шалтгаан нөхцөл зэрэг нарийн шалгалтыг явуулж байна.
Энэ хэрэг дээр Чингэлтэй дүүргийн цагдаагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн ЦЕГ-ын Мөрдөн шалгах газраас Ажлын хэсэг гарсан. Хэргийн газарт 25 мөрдөн байцаагч ажиллалаа. Хэргийн газрын үзлэгээр эхний ээлжид 240 түрээслэгч байна. Одоо зургаа, долоон давхарт хэргийн газрын үзлэгийг явуулж байна. Хүндрэлтэй байгаа зүйл нь угаарын хий бүрэн арилаагүй байна” гэх мэдээллийг өглөө.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.11.2-т “Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг.