Өнгөрсөн нэгдүгээр сард БНХАУ-д коронавирус эрчимтэй дэгдсэн цаг үед монголчууд 30 мянган хониос эхлүүлэн сэтгэлийн дэмээр багагүй хандив, тусламж хүргэсээр байгаа билээ.
Гадаадад байгаа монголчуудаа татан авч байгаа энэ үед, аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэгчээр ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын дунд хошууны захиргаанаас манай оронд 17 сая төгрөгийн 15 мянган ширхэг маск, 50 ширхэг мэс заслын нэг удаагийн хувцас хэрэглэлийг “Монгол-Хятадын соёлын харилцааны клуб”-т хандивласныг тус клубээс БХЯ-ны харъяа “Цэргийн төв эмнэлэг”-т хүлээлгэн өглөө.
Энэхүү хандивын үйл ажиллагаанд ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Урдын дунд хошууны төлөөлөгч Ж.Оюундарь, “Монгол-Хятадын соёлын харилцааны клуб”-ын гишүүд болох УГЗ Ч.Даваасүрэн, ШУА-ийн ОУХ-ны судлаач Д.Базардорж, Хятад судлаач Х.Баатархүү, Монголын “Их хүрээ” хийдийн хамба лам З.Санждорж, “Цэргийн төв эмнэлэг”-ийн эмнэлзүй эрхэлсэн орлогч, хурандаа Р.Баянмөнх, Штабын дарга Д.Ганболд, Хүний нөөцийн тасгийн дарга, Дэд хурандаа Д.Өлзийдаваа, Цэргийн төв эмнэлгийн Мэдрэлийн, клиникийн харвалтын хэсгийн ахлах эмч Н.Золжаргал нар оролцлоо.
БНХАУ-д коронавирус дэгдэх үед Улаанбаатар ба Хятадын соёлын төвийн зохион байгуулалтаар 2019 онд Төвдөд айлчилсан Монголын соёл урлаг, аялал жуулчлалын багийн гишүүдийн санаачилгаар “Монгол-Хятадын соёлын харилцааны клуб”-ээс Баяннуур хотын Урдын дунд хошууны хилийн албаны хүмүүст хамгийн анхны хүмүүнлэгийн тусламж, эмнэлгийн хамгаалах хэрэгсэл хандивласнаа тодотгон ярьсан юм.
ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын дунд хошууны төлөөлөгч Ж.Оюундарь: “Юуны өмнө энх цагт ард түмнийхээ эрүү мэндийг сахин хамгаалж байгаа эмч, эрүүл мэндийн ажилтан та бүгдэд гүн талархал илэрхийлье. Монгол-Хятадын соёлын харилцааны клуб”-ээс өнгөрсөн хоёрдугаар сард ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын дунд хошууны хил дээр ажилладаг хүмүүст хандив өргөж байсан юм.
Үүний хариуд манай захиргаанаас 15 мянган ширхэг маск, 50ш мэс заслын нэг удаагийн хувцас хэрэглэлийг өгөх санал гаргаж, өнөөдөр гардуулан өгч байгаадаа талархаж байна. Бидний багахан ч болов өргөсөн хандив өнөөдөр жинхэнэ эздэдээ очиж, “Цэргийн төв эмнэлэг”-ийн хамт олонд хүрсэн нь бидний хувьд үнэхээр бахархууштай хэрэг болж байна”
ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын дунд хошууны захиргааны хамт олноос 17 сая төгрөгийн үнэ бүхий 15 мянган ширхэг маск, 50 ширхэг мэс заслын нэг удаагийн хувцас хэрэглэлийг БХЯ-ны харъяа “Цэргийн төв эмнэлэг”-т хандивлалаа.
Цэргийн төв эмнэлгийн эмнэл зүй эрхэлсэн орлогч, хурандаа Р.Баянмөнх: “Манай эмнэлэг энэ оны хоёрдугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа бүрэн зогсоогоод гадны улс орнуудаас эх орноо зорьж ирсэн хүмүүс дундаас сэжигтэй тохиолдол болон нэн шаардлагатай эмчлүүлэх хүмүүс, хүнд өвчтөнүүдийг тусгаарлан эмчилгээ, үйлчилгээ хийж байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд 500 гаруй хүнийг эмчилж, гаргасан байна. Мэдээж коронавирусны тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа ч бид яаралтай арга хэмжээг авч шуурхай ажиллаж байгаа шүү дээ. Тиймээс ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын дунд хошууны захиргаанаас хандивлаж байгаа хувийн хамгаалах хэрэгслүүд, манай эмнэлгийн эмч, ажилтан, хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгч нарыг хамгаалах нэн шаардлагатай байгаа зүйл учраас та бүхний хандив маш том дэмжлэг болж байна.
Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж юутай үнэн үг вэ. ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын дунд хошууны иргэд, хамт олонд Цэргийн төв эмнэлгийн зүгээс баярласан сэтгэлийг дамжуулаарай гэж хүсье”