Нийслэл хотын гудамж талбайн сул шороотой байсан газруудыг зүлэгжүүлэн  цэцэрлэгжүүлэх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас амжилттай хэрэгжүүлж байна.

Тус албанаас 2019 онд Ард Аюушийн өргөн чөлөө буюу Саппорогийн уулзвараас хойш Өргөө кино театрын уулзвар хүртэлх зам дагуу нэг ч зүлэг ногоо, мод бутгүй байсныг 1350 ширхэг бортоготой гацуур мод тарьсан.

Харин энэ онд сул шороон хөрстэй замын голын булеварыг иргэдэд зориулсан 5925 метр квадрат явган зам, 4700 метр тросс хашлага, сандал, хогийн сав хийж, 10 гаруй нэр төрлийн гоёлын мод тарьж, зүлэгжүүлээд байна.

Гэсэр сүмийн уулзвар орчмыг иж бүрэн ногоон байгууламж, зүлэгжүүлэлттэй, 63 ширхэг том оврын нарс модтой, тросс хашлагатай болгож тохижуулжээ.

Мөн Монгол Улсын Консерватор /Хөгжим бүжгийн коллеж/-ийн зүүн талд нарс мод тарихаар хар шороо буулгаж, уг гудамжинд үрсэлгээ зүлэгжүүлэлт хийхээр Грийн дрийм ХХК ажиллаж байна. Энд Хонхтой цэцэрлэгээс 22 гацуур мод шилжүүлж суулгасан юм байна. Сансрын туннел орчмыг иж бүрэн ногоон байгууламж бүхий ойн төгөлтэй болгожээ.

2020 оны хаврын ногоон байгууламжийн тохижилтын ажлын хүрээнд өнгөрсөн оноос орон сууцны хороолол дунд сул шороон хөрстэй, тохижилтгүй, борооны ус ихээр тогтдог байршлуудыг нэг бүрчлэн судлан энэ онд 14 байршилд бичил ойн төгөл, ШУА-ийн ботаникийн цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран 24 байршилд “Хосолмол зохиомж” бүхий ойн төгөл нийт 38 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа аж.

Ойн төгөлд Гацуур, Нарс, Шинэс, Агч, Хус, Хайлаас, Гүйлс, Голтбор, Нохойн хошуу, Монос, Өрөл, Долоогоно, Даланхальс, Боролзгоно, Яргай, Тэхийн шээг, Тавилгана, Тэсхэй тэсмэг зэрэг 18 төрлийн гоёлын мод тарьж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн