Энэ удаагийн нэр дэвшигчдээс хамгийн, хамгийныг сонордуулж байна.
Хамгийн хүнлэг үйлстэн Нэргүйн Пунцаг
УИХ-ын сонгуулийн 16 дугаар тойрогт Ховд аймгаас нэр дэвшиж буй Н.Пунцаг хамгийн хүнлэг үйлстэн аж. Тэрээр “Хүнлэг үйлстэн” холбоо байгуулаад нэлээд хугацаа өнгөрчээ. Үйлчилгээний ажилчдын нийгмийн асуудалд анхаарлаа хандуулдаг энэ холбоо нь өргөжөөд аймгуудаас санал ирж салбар холбоо байгуулж эхэлжээ. “Хүнлэг үйлстэн” холбооныхон улс төржилтөөс хол, архи дарснаас хол байх ёстой гэнэ. Тиймээс холбооны албан арга хэмжээ, баяр ёслолын арга хэмжээ ч тэр архигүй болдог гэнэ. Холбоог үүсгэн байгуулагч Н.Пунцаг нэр дэвших нь тодорхой болох үед холбооныхоо нэртэй холбогдох бүх зүйлээ хүмүүст шилжүүлэн өгчээ. Үйлчилгээний ажилчдаа улс төртэй хутгахгүй хэмээн ийн шийдсэн байна.
Хамгийн хэрүүлч нэр дэвшигч Чадраабалын Өнөрбаяр
УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог, Хан-Уул дүүрэгт үнэхээр анхаарал татсан нэр дэвшигчид олон бий. Тэдний нэг нь залуугаараа төрд ажиллаж, олон хууль санаачлан батлуулж байсан хуульч, доктор Ч.Өнөрбаяр. Сүүлийн үед түүнийг хамгийн хэрүүлч нэр дэвшигч гэх болов. Тэрээр аливаа мэтгэлцээнд орсон ч, “Би нэг юм хэлчих үү” гэсээр дэндүү олон юм ярьж, өнөөгийн эрх баригчдыг шүүмжилдэг. Түүнийг УИХ-д орж ирвэл Ц.Нямдоржийн шийрийг хатаах хэлэмгий нэгэн гарч ирэх нь гэлцэж байна. Ерөнхийлөгчийн зөвлөх байхдаа тавь гаруй хууль УИХ-д оруулахдаа УИХ-ын гишүүдтэй ч хэрэлдэж явсан. Хуулийн зарчим ярьж байна гээд л оруулсан төслөө хамгаалж гардаг байсан. УИХ-д зарчим ярьж тэмцдэг нэг ийм хуульч байхад гэмгүй л дээ.
Лидерүүдтэй хамгийн их тэмцдэг нэр дэвшигч Батын Батбаатар
УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрог, Чингэлтэй дүүрэгт “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшигч Батын Батбаатар иргэдэд хамгийн их хэрэгтэй хууль санаачлан батлуулсан ч өөртөө автороо нааж сурталчлаагүй. Хүүхдийн мөнгө, Таван толгойг төрд авчирсан, Ипотек, моргейжийн зээлийг анх санаачилж байсан. Газрыг өрх бүрт байсныг иргэн бүрт олгох зэрэг хуулийг санаачилж байсан. Өмнө нь УИХ-д сууж байсан туршлагатай. Намын дүрмээ зөрчдөг, бүлэглэл фракцад хуваагддаг удирдлагуудтайгаа тэмцэж, улс төрийн рингэн дээр дүрмээрээ тоглох ёстойг сануулдаг.
Хамгийн баян нэр дэвшигч Б.Пунсалмаа
Өөрөө 85 тэрбумын жилийн орлоготой, гэр бүл нь 83 тэрбумын орлоготой гэж хөрөнгө орлогын мэдүүлгээ өгснөөс нь хойш л хүмүүс түүнийг мэддэг болсон. Нас залуу ч хөрөнгө чинээтэй энэ бүсгүй хэд хэдэн компанийн хувьцаа эзэмшигч. Тэрээр энэ хугацаанд тэр бүр олон хүний анхаарлыг татсан танил нэгэн байгаагүй билээ. Б.Пунсалмааэнэ удаа УИХ-д нэр дэвшигчдийн хамгийн баянаар тодорч хэд хоног л сошиалынхныг уйдаасангүй. Тэрээр УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа билээ.
Хамгийн ахмад нь Ц.Нямдорж, хамгийн залуу нэр дэвшигч О.Мөнхтулга
Энэ удаагийн сонгуульд шинэ залуус түрэн орж ирсэн. Гэвч тэдний дунд хуучны ахмад нэр дэвшигчид мэр сэр дэвшин орж ирж байгаа. Нэр дэвшигчдийн хамгийн ахмад нь буюу 1956 онд төрсөн, 64 настай. Монгол Улсад хууль тогтоох байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш зургаан удаа парламентад сонгогдсон. Өөрөөр хэлбэл хамгийн олон сонгогдсон гишүүний нэг. Түүнийг Хан-Уул дүүрэгт өрсөлдөнө гэж таамаглаж байсан ч Эрдэнэтэд өрсөлдөхөөр болсон билээ. Харин хамгийн залуу нэр дэвшигч нь О.Мөнхтулга нийслэлийн Баянгол дүүргээс УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт өрсөлдөж байна.