Хан-Уул дүүрэг, 29-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Чадраабалын ӨНӨРБАЯР сонгуулийн сурталчилгааны нээлтийнхээ үеэр “Би чуулганы танхим руу 50 гаруй удаа хууль батлуулахаар орж байлаа. 23 хууль батлуулсан. Тэр үед би нэг зүйлийг мэдэрсэн, харсан. Чухал хууль бичигдэхэд улстөрчид тэрхүү хууль дотроос гол амин сүнсийг нь хулгайлж аваад хаячихдаг, хүчгүйдүүлчихдэг юм билээ.
Дотор нь орж өөрчлөе гэж бодсон. Шударга ёс гэдэг чуулганы танхимаас эхлэх ёстой. УИХ-ын гишүүд үйл хэрэг, үг, үйлдлээрээ харуулах ёстой. Тэгэж байж Монголд зөв жишиг тогтоно. Зөв зүйлийг бусдадаа үлгэрлэх ёстой” гэж хэлсэн нь анхаарал татсан юм. УИХ, хууль баталдаг эрхмүүдийн бодит байдал, хуулийг хэрхэн баталдагийг хуульч Ч.Өнөрбаяр дэлгэсэн нь олны чихийг дэлдийлгэв.
Улстөрчдийн хууль батлахдаа өөрсдийн хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, нийтийн эрх ашигт үйлчлэх хуулийн гол амин сүнсийг нь сугалаад авчихдаг тухай хууль батлуулах туршлагатай хуульч Ч.Өнөрбаяр илчилсэн энэхүү ярианаас үзэхэд манай улсын хууль батлах процедур, УИХ-ын гишүүдийн үнэн бодит байдал харагдаж байна.
Б.САНАА