Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин бусад албаныхны хамт гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилдэг хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн ажилтай өчигдөр танилцаж, тэдгээрт иргэдээс УОК-т ирсэн хандиваас 100 сая төгрөгийн дэмжлэг олгохоор боллоо.
Манай улсад 15 нэг цэгийн үйлчилгээний төв, 14 хамгаалах байр ажиллаж байна. Дээрх хамгаалах байрууд 24 цагаар хохирогчдыг хүлээн авдаг бөгөөд сэтгэл засал, ерөнхий боловсролын хичээл, эмчийн үзлэг, хуулийн зөвлөгөө зэрэг 7-8 төрлийн үйлчилгээг үзүүлдэг ажээ.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төв 15 хохирогч хүлээн авдаг. Өчигдрийн байдлаар эцэг, эх нь архины хамааралтай таван сартай нярайгаас эхлээд нийт есөн хүүхэд байв.
Энэ үеэр ХНХЯ-ны хэлтсийн дарга Н.Баярмаа, “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах байруудад долоо хоногоос гурван сарын хугацаанд байлгаж үйлчилдэг ч нэг жил хүртэлх хугацаанд хамгаалдаг тохиолдол ч гардаг. Тухайлбал, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын асуудлыг шүүхээр шийдвэрлэх хугацаа удаан байдгаас тухайн хохирогчийг гэр бүлд нь буцаах, эсвэл асрамжийн газарт шилжүүлэх зэрэг дараагийн арга хэмжээг авах хүртэл байлгадаг” гэлээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин, “Нэгдүгээрт, хүүхэд хамгаалах төвд ажиллах орон тооны мэргэжилтний стандарт тогтоох ёстой юм байна. Энэ төвд тогооч, сэтгэл зүйч, хуульч, эмч, үйлчлэгч, хамгаалагч зэрэг зайлшгүй шаардлагатай орон тоо байх ёстой. Мөн улсын хэмжээнд, тэр дундаа Улаанбаатарт иж бүрэн хүүхэд хамгаалах төвийн тоог нэмэгдүүлэх нь зүйтэй. Үүнд Монголын төр хөрөнгө харамлах ямар ч эрх байхгүй” хэмээв.