Дэлхий дахиныг түгшээж байгаа Ковид-19 цар тахлын улмаас энэ жил “Хүүхдийн эрхийг хамгаалах” өдрийг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байгаа билээ. Энэ талаар Засгийн газрыг хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Халиун “2020 оны Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг онцлог байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхээр болоод байна. Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч хөл хорионы дэглэм хэрэгжиж эхэлсэн ч хүүхдүүд гэр бүлийнхэнтэйгээ хамт байх боломж тохиож байна гэж эерэг байдлаар харж болох юм.
Иймээс манай байгууллагаас цар тахлын энэ онцгой цаг үед гэр бүлийн бүх гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэх, гэр бүл дэх хүүхэд, хөгжил хамгааллыг сайжруулах, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчинг нэмэгдүүлэх, дэмжих, тэгш оролцоог хангах хүрээнд Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг гаргаж байна” гэсэн юм.
Хүүхдийн баярын өдрүүдийг төв талбайдаа тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бол энэ жил гэр гэртээ тэмдэглэх болж байна. Тиймээс гэртээ байгаа хүүхдүүдэд үзүүлэх 7 цагийн контентийг Нийслэлийн соёл урлагийн газраас бэлтгэжээ.
Нийгэмд цар тахлын аюулын эрсдэл өндөр нөхцөлд бөөгнөрөл үүсгэхээс сэргийлэх үүднээс хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй. Ийм нөхцөлд цагдаагийн байгууллага хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлж хэрхэн ажиллах талаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн “гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Д.Гуахалиунаас тодруулсан юм.
-Олон нийтийг хамарсан, хүүхдэд зориулсан арга хэмжээ зохион байгуулахгүй ч гэсэн хүүхдүүд бөөгнөрөл үүсгэхгүй гэх баталгаа байхгүй. Тэгэхээр цагдаагийн байгууллагын зүгээс баярын өдрүүдэд ямар чиглэл барьж, хэрхэн ажиллах юм бол оо?
-Энэ жилийн хувьд “Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг” тэмдэглэн өнгөрүүлэхдээ олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүйгээр гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэхийг холбогдох байгууллагаас уриалж байна. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагын алба хаагчид хүүхдүүдийн бөөгнөрөл үүсэх, эрсдэлтэй нөхцөл байдалд хүүхдүүдийг оруулахгүй байх тал дээр хяналт тавьж ажиллана. Цагдаагийн алба хаагчид, хүүхэд хамгаалагчид хамтран эргүүлэн үйл ажиллагаа явуулж, шаардлага тавьж ажиллана. Хэрвээ цагдаагийн байгууллагаас тавьж буй хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, эсэргүүцсэн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авна.
Ер нь хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, эрсдэлт нөхцөл байдалд байгааг эцэг эхчүүд, хүүхдүүд ухамсарлаж, өөрсдийнхөө аюулгүй байдал, эрүүл мэндийн төлөө гэр гэртээ баяраа тэмдэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Ковид 19 цар тахлын аюул өндөр байгаа энэ үед эрсдэлт нөхцөл байдлыг үүсгэхгүй байх тал дээр иргэд өөрсдөө ухамсартай хандах хэрэгтэй.
-“Хүүхдийн эрхийг хамгаалах” өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ иргэд юуг анхаарах хэрэгтэй вэ? Цагдаагийн байгууллагын зүгээс иргэдэд ямар анхааруулга, сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэх вэ?
-Баярын өдрүүдэд иргэд гэр бүлээрээ салхинд гарах, гол усны ойролцоо очиж амрах тохиолдлууд нэлээн бий. Энэ үедээ хүүхдээ гол усны ойролцоо тоглуулахгүй байхыг анхааруулж байна. Мөн эцэг эхчүүд хүүхдүүдээ хаана хэнтэй, юу хийж явааг анхаарч байх хэрэгтэй байна. Хэрвээ хүүхэд тань гэрээсээ гараад ирэхгүй байгаа бол цагдаагийн байгууллагад яаралтай хандах хэрэгтэй шүү гэдгийг анхааруулж хэлмээр байна.
-Ахлах дунд ангийн хүүхдүүд найз нөхдөөрөө нийлж, баярын өдрүүдийг хөгжилтэй өнгөрөөдөг. Тэгэхээр энэ жил баяр тэмдэглэхгүй ч гэсэн хүүхдүүд ийнхүү найз нөхдөөрөө уулзаж, бөөгнөрвөл үүсгэж болзошгүй. Тиймээс цагдаагийн байгууллагын зүгээс ямар шаардлага тавих вэ?
-Холбогдох байгууллагаас яагаад гэр гэртээ баяраа тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалаад байгааг эцэг эхчүүд хүүхдүүддээ маш сайн ойлгуулах хэрэгтэй. Монгол Улсад дэлхийд аюул тариад буй Ковид19 халдварын тохиолдол 100 хол давчихаад байна. Энэ тоо бол Монгол Улсын хувьд их тоо. Тиймээс ийм эрсдэлтэй нөхцөлд хүүхдүүд гадуур явах нь аюултай. Үүнийг ухамсарлаж, нэг жил гэр бүлтээрээ аз жаргалтайгаа баяраа тэмдэглэж, холбогдох байгууллагаас онлайн сувгаар болон телевизүүдээр нэвтрүүлэх соёлын арга хэмжээнүүдийг үзэж, аль болох гэртээ өөрийгөө зөв боловсон баярлуулах хэрэгтэй. Энэ нь таныг эрсдлээс хамгаална гэдгийг хэлмээр байна.
Н.БАТАА