Нийслэлд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил өмнөх оны мөн үеийнхээс буурсныг цагдаагийн байгууллагаас мэдээлллээ. Хотын хэмжээнд үйлдэгддэг гэмт хэргийн дийлэнх болох хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын гэмт хэрэг, дээрэмдэх, хулгайлах төрлийн гэмт хэргүүд буурчээ. Эхний таван сарын байдлаар эдгээр хэрэг 17-48 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байгаа ч авто тээрийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг нэмэгдсэн байна.
Нийслэлийн хэмжээнд эхний таван сарын байдлаар 156 мянга 681 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 8.1 хувиар буурсан байна. Тухайлбал, гэмт хэргийн дуудлага мэдээлэл 28 хувиар, зөрчлийн дуудлага мэдээлэл 0.08 хувиар, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл 33 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг эхний таван сард 7900 гаруй бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2810 хэргээр буюу 26 хувиар буурсан байна.
Мөн иргэд, олон нийтийг урин дулааны улиралд аялж, амралт зугаалгаар явахдаа гол ус бохирдуулж, усны тухай хууль зөрчихгүй байхыг санууллаа.
Мөн иргэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэж голын усанд орж амь насаа алдах, хараа хяналтгүй бага насны хүүхэд усанд живж эндэх хэргүүд урин дулааны цагт цагдаагийн байгууллагад цөөнгүй бүртгэгддэг. Иймд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, гол ус бараадуудж тоглуулахгүй байх, шаардлагагүй тохиолдолд гол усанд орохгүй байхыг зөвлөж байна.