Шинэ коронавирусний халдвар авсан нэг иргэн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжсэн талаар ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв. Ингэснээр манай улсад халдвар авч эдгэрсэн тохиолдол 44 болж байна.
Дээрх иргэн ОХУ-аас ирсэн оюутан бөгөөд нийт 48 хоног эмчилсэн байна. Манай улсад шинэ коронавирусний халдвар авсан нь батлагдсан 179 тохиолдол байна. Тэдгээр нь дотоодод гараагүй, гадаадаас эх оронд нь татан авч тусгаарласан иргэд юм. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 165 хүн хэвтэж байгаагаас 135 нь эмчилгээнд, бусад нь хяналтанд байгаа аж. Эмчилж байгаа иргэдийн 115 нь хөнгөн, 10 нь хүндэвтэр өвдсөн гэж ангилжээ. Тус төв бэлэн байдлаа эртнээс хангаж 250 хүн хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү онцоллоо.
ХӨСҮТ-ийн хоёр лабораторид өчигдөр хийсэн шинжилгээнээс шинэ коронаврусний халдвар илрээгүй. Мөн Алтанбулаг боомтоор ОХУ-аас ирсэн 24 тээврийн жолоочоос ч шинэ коронавирусний халдвар илрээгүй байна.
Өнөөдрийн 11.00 цагийн байдлаар, дэлхий даяар шинэ коронавирусний халдвартай нь батлагдсан 4 мянга 605 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт халдварын тохиолдол 6 сая 31 мянга, амиа алдсан 366 мянга, эдгэрсэн 2 сая 659 мянга байна. Үүнээс АНУ, Бразил, ОХУ, Испани, Украин, Итали улс халдварын тохиолдлоороо эхэнд жагсаж байна. Тодруулбал, АНУ-д халдвартай 1 сая 793 мянга, нас барсан 104 мянга, эдгэрсэн 519 мянган хүн байна. Харин Бразил улсад халдвартай 468 мянга, амиа алдсан 27 мянга, эдгэрсэн 193 мянган хүн байгаа юм. Түүнчлэн ОХУ-д халдвартай 387 мянган хүн байгаа бол амиа алдсан 4 мянга, эдгэрсэн 159 мянган хүн байгаа аж.