Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас хэрэгжүүлж буй цаг үеийн ажлуудын талаар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хүргэлээ.
Хөдөлмөр эрхлэлтийн газар нь нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлччилгээ болон дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэн ажилладаг юм. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар энэ сарын 25-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 13014 иргэн, 619 ажил олгогчид үйлчилгээ үзүүлжээ.
Ажил зуучлах үйлчилгээний хүрээнд 619 ажил олгогч байгууллагатай хамтран ажиллаж 4821 ажлын байрны захиалгыг төвлөрүүлж, 1885 ажил хайгч иргэнийг шинээр бүртгэн, 920 иргэнийг ажилд оруулсан байна.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас жил бүр ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд энэ жил ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээг хэрэгжүүлэх аж.
Энэхүү арга хэмжээнд 780 иргэнийг хамруулах төлөвлөгөөтэй байгаа талаар нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдорж мэдээллээ. Тэрбээр “Хүнсний ногоо тариалах ажлын байранд энэ сарын 5-22-ны өдрүүдэд төвийн зургаан дүүргийн Хөдөлмөр хамгааллын хэлтэс болон хороо дүүргээр дамжуулан иргэдийг бүртгэж авсан.
Цагийн ажлын байрны биржид мөн иргэдийг бүртгэж ажилд зуучилдаг. Одоогийн байдлаар ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө мэдээллийг 240 иргэнд өгч, нийт 1230 иргэнд цагийн ажилд зуучилсан.
Улсын онцгой комиссоос танхимын сургалтуудыг нээх чиглэлийг өгсөн байгаа. Энэ хүрээнд танхимын сургалтанд 550 иргэнийг хамруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ирэх сарын 02-ны өдрөөс эхлэн 55 мэргэжлийн чиглэлээр ажиллаж эхлэх юм” хэмээлээ.
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хөнгөвчлөх зорилгоор ажил хайгч иргэд болон ажил олгогч нарт зориулсан нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын бүртгэлийн системийг энэ оны нэгдүгээр сараас хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн байна.
Ингэснээр иргэд аливаа бичиг баримт бүрдүүлэлгүйгээр түргэн шуурхай үйлчилгээ авах, ажлын байрын мэдээллийг гар утаснаасаа харах бүрэн боломжтой болжээ. Мөн цагийн болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнүүд нэмэгдсэн байна.