Гамшгаас хамгаалах хуулийг 2017 онд шинэчлэн баталж байв. Тэгвэл цар тахлын дэгдэлттэй холбоотой сорил, сургамжид тулгуурлан өөрчилж баталлаа. Онцгой нөхцөл байдалтай уялдуулан Гамшгаас хамгаалах хуулийн 35 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, цар тахал байгалийн гамшигт үзэгдэл болсон үед байгууллагууд ямар эрх, үүрэгтэй ажиллахыг тодорхой болгосон байна. Мөн “Гамшгийн онцгой нөхцөл байдал”, “гамшгаас урьдчилан сэргийлэх”, “хүмүүнлэгийн тусламж”, “хорио цээрийн дэглэм”, “хязгаарлалтын дэглэм”, “бэлэн байдал” зэрэг нэр томъёог шинээр нэмжээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар шинэ зүйл нэмсэн бол парламент, Засгийн газрын гамшгаас хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх, Улсын онцгой комиссын бүрэн эрхийг хуульчилж өглөө.
-Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гамшгаас хамгаалах хүч хэрэгслийг дайчлан гаргах, хуваарилах, оролцуулах эрхтэй.
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээ дэх гамшгийн талаарх илт худал мэдээлэл нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ноцтой саад учруулахаар бол тухайн мэдээллийн тархалтыг бууруулах, зогсоох арга хэмжээг тухайн нөхцөл байдалд тохируулан тодорхой хүрээ, хугацаатайгаар авна.
-Үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулахуйц гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал тохиолдсон үед Монгол Улсын Их Хурал уг асуудлыг дараалал харгалзахгүйгээр нэн яаралтай хэлэлцэж, хууль бусад шийдвэрийг гаргана.
-Улсын онцгой комиссын саналыг үндэслэн шаардлагатай тохиолдолд бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хуульд заасан нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг түр хориглоно.
-Гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед шаардлагатай тохиолдолд хүч хэрэгслийг дайчлан гаргаж, хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйлийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлнэ.
-Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын албан тушаалд онцгой байдлын албанд 15-аас доошгүй жил, удирдах албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан алба хаагчийг томилно.
-Шуурхай штаб, шуурхай бүлгийн үйл ажиллагааны зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс, орон нутагт Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлнэ.
-Эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг зөрчсөн, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүйн улмаас хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардал, учирсан хохирол, хуурамч дуудлага өгсөний улмаас гарсан зардлыг нөхөн төлүүлнэ.
-Төрийн өмчит онц чухал болон стратегийн зориулалттай үйлдвэр, үйлчилгээний байгууллагын дэргэд байгуулсан онцгой байдлын байгууллагын харьяа нэгжийн үйл ажиллагааны бүх зардлыг тухайн байгууллага бүрэн хариуцна.
-Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин хүртэл нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн урамшуулал олгож болно.
-Алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөрийн чадвараа алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30, 60, 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн нөхөн олговор олгоно.
-Алслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах онцгой байдлын байгууллагын харьяа нэгжид тухайн аймгийн харьяалалгүй алба хаагчийг томилон ажиллуулвал түүнд албан тушаалын үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх нэмэгдлийг улирал тутамд олгоно.
-Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн байгууллага тухайн жилийн төсвийн 1.0 хувиас доошгүйгээр тооцон төсөвт тусгаж, хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг төлөвлөж зарцуулна.
-Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, тэргүүн дэд дарга, дэд даргад цэргийн дээд цол олгож болно.
-Сайн дурын хэсгийн ажилтан гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох үед хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон бол онцгой байдлын алба хаагчийн ахлагчийн албан тушаалын зэрэглэлийн анхны шатлалын үндсэн цалингаар тооцон хоёр жилийн, амь насаа алдсан бол гэр бүлд нь таван жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.5.27 ЛХАГВА № 104 (6329)