Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан НМХГ-аас 449 аж ахуй нэгж газрыг хамруулан хяналт шалгалт хийхэд 559 зөрчил илрүүлжээ. Илрүүлсэн зөрчлийн дийлэнх нь хүүхдийн бэлгэнд орох бүтээгдэхүүний баглаа боодол, шошгын зөрчил, хадгалалтын горим алдагдсан болоод хугацаа хэтэрсэн бараа бүтээгдэхүүн байсан байна.
Тиймээс эцэг эхчүүд, албан байгууллагууд хүүхдийн бэлэг сонгохдоо онцгой анхаарч дархлааг дэмжих, сэтгэхүй хөгжүүлэх бэлэг сонгохыг мэргэжлийн байгууллага зөвлөлөө. Мөн амархан муудах хүнсний бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүй байж хордлогоос сэргийлэхийг санууллаа. Учир нь цар тахлаас сэргийлэн ажиллаж байгаа өнөөгийн нөхцөлд аливаа өвчлөл нэмэгдсэнээр ХӨСҮТ-ийн ачаалалд нөлөөлөх тул иргэд хариуцлагатай байхыг санууллаа.
Эцэг эхчүүд хүүхэддээ бэлэг сонгохдоо дараах зүйлийг анхаараарай.
1. Хэт их чихэрлэг бүтээгдэхүүн сонгохгүй байх. Дундаж хэмжээтэй ундаа жүүсэнд гэхэд ойролцоогоор 50-80гр сахар агуулагддаг бөгөөд энэ нь таны хүүхдэд шүд өвдөх, харшил үүсгэх богино хугацааны нөлөөтэйгөөс гадна цаашлаад зүрх судас, бөөрний өвчлөлд нөлөөлөх сөрөг үр дагавартай юм.
2. Амархан муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг бүтээгдэхүүн боосон бэлгийг худалдан авахгүй байх. /Жишээ нь, бүржмэл чихэр, кремтэй нарийн боовны төрлийн бүтээгдэхүүн гэх мэт/
3. Хямдрал нэрийн дор худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний хугацааг сайтар харж авах,
4. Бялуу, хиам зайдсан бүтээгдэхүүн, өндөг гэх мэт түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчний хэмд хадгалж, тэр өдөртөө хэрэглэж дуусгах.
5. Халууны улиралд худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнээ автомашиндаа удаан хугацаагаар хадгалахгүй байх
Гудамж талбайд ил задгай, машины ард болоод худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнээс авахгүй байх. Дулааны улиралд олон цагаар нар, салхинд байгаа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй, хүний биед сөргөөр нөлөөлдөг. Ингэснээр та бид үр хүүхдээ болзошгүй аюул, хордлого, өвчлөлөөс сэргийлэх юм.