Өнөөдөр Улсын онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус хурлын үеэр ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл: Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 1248 иргэн тусгаарлагдаж байна. Үүнээс 790 нь Улаанбаатар хотын эмнэлэг, зочид буудал, амралтын газруудад тус тус тусгаарлагдаж байгаа.
Үлдсэн 458 хүн орон нутагт тусгаарлагдаж байна. Дархан хотод 135, Эрдэнэт хотод 117, Өмнөговьд 71, Сэлэнгэ, Төв аймагт тусгаарлагдаж байна. Өнөөдөр ОХУ-ын Москва хотоос 171 оюутан ирсэн. Тэдний 89 хувь нь эмэгтэйчүүд байна.
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Өнөөдөр, болон маргааш Алтанбулаг боомтоор 594 оюутан орж ирнэ гэсэн тооцоолол байна. Эдгээр оюутнуудаа татан авсны дараа дараагийн татан авах ажиллагааг товлоно.
Иргэдээ татан авах давтамж хангалтгүй байна гэсэн шүүмжлэл гарч байгаа. Нэгдүгээр сарын 28-наас хойш хилээр нэвтэрсэн иргэдийн тоо 60 мянга давсан. Үүнээс татаж авсан 8 мянга гаруй иргэн бий.
Иргэдийг бүртгэхээс эхлээд, тусгаарлах байранд нийт 900 гаруй албан хаагч ажиллаж байна. Солонгос дахь иргэдийн нөхцөл байдал хүндэрч байгаа талаар өдөр бүр мэдээлэл ирдэг. Мөн Зүүн өмнөд Азийн орнуудад байгаа иргэдээ татан авах боломжийг судалж байгаа.
Дараагийн татан авах ажиллагаа өнөөдөр, маргааш ирж буй оюутнуудаас ихээхэн хамаарна. Оюутнуудаас халдвар илэрч болзошгүй тул эмч ажилчдын хүрэлцээ хангамжийг тооцож үзнэ. Мөн тусгаарлах байрны хүрэлцээ хангамж зэрэг асуудлаас хамаарч дараагийн улсаас татан авах ажиллагааг зохион байгуулна гэлээ.