АНУ-ын Худалдааны яамнаас Хятадын 33 байгууллагыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ. Тэдгээрийн есийг хүний эрх зөрчсөнд буруутгаж, 24-ийг нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд халдаж байна гэж үзсэн аж.
Эдгээр компани байгууллагыг Америкийн технологийг авах, худалдааны яамны тусгай зөвлшөөрөлгүйгээр бүтээгдэхүүнийг нь экспортлох, дамжуулан нийлүүлэхийг хориглосон байна.
Дээр дурдсан есөн байгууллагыг Шинжаан-Уйгурын өөртөө засах орны уйгар, казак блон исламын шашинт үндэстний цөөнхийг олноор нь саатуулах, албадан хөдөлмөр эрхлүүлэх, хяналт шалгалт хийх зэргээр дарамт шахалт үзүүлж, хүний эрхийг зөрчих, эрх мэдлээ урвуулан ашигласан үйл ажиллагаанд оролцсон гэжээ.
Хоригийн жагсаалтад БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэргэдэх Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс гадна найман компанийг бүртгэсэн байна. Харин бусад төрийн болон арилжааны 24 байгууллагыг АНУ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын ашиг сонирхолд үл нийцэх үйл ажиллагаа явуулдаг гэж үзээд “хар жагсаалт”-д оруулсан хэмээн Худалдааны яамны мэдэгдэлд дурдсан байна.