Монгол Улс зөрчлийн хуулийг дагаж мөрдсөнөөс хойш гурав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Энэ хугацаанд байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил хэрхэн үйлдэгдэж байгаа, иргэдэд хууль таниулах ажил хэрхэн хийгдэж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж байгаа талаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариусан ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Жанцмаагийн Бат-Эрдэнэтэй ярилцсанаа хүргэе.
-Таньд энэ өдрийн мэнд хүргэе.
-Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе.
-Хүмүүс ойлгохдоо Прокурорын байгууллага бусдыг яллах л чиг үүрэгтэй байгууллага мэтээр төсөөлдөг. Гэтэл энэ байгууллага гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцлийг нь судлаж, урьдчилан сэргийлэх чиглэлд хамгийн их оролцоотой газрын нэг юм аа даа?
Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасан. Хуульд заасан дээрх чиг үүргийнхээ хүрээнд, прокурор зөрчлийн болон эрүүгийн хэрэгт хяналт тавьж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажилладаг.
Монгол Улсын Их хурлаас 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг баталж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн. Уг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Улсын ерөнхий прокурорын газартай хамтран зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх төрийн бодлого, Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын бодлогын нэгдмэл байдлыг хангана” гэж заасан.
Тэгэхээр прокурорын байгууллага зөвхөн яллах биш гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг бас хийж гүйцэтгэдэг.
2020 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газар нь Монгол улсад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас хүрээлэн байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг “Ногоон дуу хоолой” нэрийн дор зохион байгуулсан аянд нэгдэж хэд хэдэн ажил зохион байгууллаа.
Тухайлбал: дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн “Хүрээлэн байгаа орчины эсрэг гэмт хэрэг”, “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил”-ийн гаралтын байдлыг судаллаа, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий дүүрэг дэх Цагдаагийн газрын нэг, хоёрдугаар хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын албаны эрх бүхий албан тушаалтан нартай хамтарч дүүргийн 1-19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, худалдааны төвийн дотор болон гадна ил задгай худалдаа эрхлэгч нартай уулзаж, худалдан борлуулж буй амьтны гаралтай бүтэгдэхүүнээр хийсэн бэлэг дурсгалын зүйл, байгалийн ургамлын гаралтай түүхий эд болох арц, ганга, мод, бут, сөөг зэргийг бэлтгэн худалдан борлуулж байгаа байдлыг шалгаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж, гарын авлага тараалаа мөн зуслангийн бүсийн айлуудад шар өвсний түймрээс урьдчилан сэргийлж, галын аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар яриа таниулга хийж ажиллаа.
– Танай дүүрэгт үйлдэгдсэн зөрчлүүд нь ямар ямар төрлийн зөрчил байсан бэ?
Дүүргийн хэмжээнд 2019 онд 7, 2020 оны эхний 5 сарын байдлаар 1 зөрчил тус тус үйлдэгдсэн байна. Эдгээр зөрчлөөс Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байгалийн ургамлын тухай хууль зөрчсөн” 4 зөрчил, 7.9 дүгээр зүйлд заасан “Ойн тухай хууль зөрчих”, 7.6 дугаар зүйлд заасан “Амьтны тухай хууль зөрчих” тус бүр 2 зөрчилд прокурорын байгууллагаас хяналт тавьж шийдвэрлүүлсэн байна.
Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчил нь 2019 оны 7 дугаар сард гарсан. Энэ нь дүүргийн 19-р хороонд Гүнтийн даваагаар иргэн О нь зөвшөөрөлгүйгээр тарвага тээвэрлэж яваад, Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээсэн.
-Байгал орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг иргэд мэдэхгүйгээсээ болж үйлдээд байна уу? Эсвэл санаатай үйлдэл байна уу?
Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэх нь тухайн хүний санаатай болон болгоомжгүй үйлдэл аль ч байдлаар үйлдэгдэж болно. Тухайлбал: иргэд ойгоос мод болон түүний дагалт баялаг бэлтгэхдээ заавал зохих байгууллагаас зөвшөөрөл авах ёстой. Гэтэл иргэд “мод биш модны холтос бэлтгэсэн” гэдэг. Модны холтос нь ойн дагалт баялагт ордог тул бас л зөвшөөрөл авах ёстой. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил юм .
Тэгэхээр иргэд байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байхын тулд хууль тогтоомжийг сайн судлах, холбогдох байгууллагуудаас хууль сурталчилах чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, асуух зүйлээ чөлөөтэй асууж, тодруулдаг баймаар байна.
– Зөрчил үйлдэж, зөрчилд холбогдож байгаа иргэд хуулиа мэдээд, ойлгоод ирэхээр хандлага нь хэр өөрчлөгдөж байх юм?
– Иргэд өөрийн санаатай болон болгоомжгүй үйлдлийнхээ аль нь гэмт хэрэг, аль нь зөрчил болох бэ? гэдгээ мэдэхгүйгээр гэмт хэрэг, зөрчилд холбогддог. Тухайлбал: 2020 онд манай дүүрэгт гарсан нэг жишээ дурдая. Манай дүүргийн 7 дугаар хорооны нэгэн иргэн 34 ширхэг суусар, булганы арьсыг гэртээ хадгалж байсан. Тухайн иргэн уг арьсыг БНХАУ-ын Эрээн хотоос худалдан авсан, үйлдвэрлэл эрхлэх зорилготой байсан гэх боловч булга, суусар нь Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд зааснаар ховор амьтанд ордог.
Ховор амьтны гаралтай эд зүйлийг хадгалсан, худалдан авсан Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг болдог тул дээрх зөрчлийн шинжтэй гомдолд эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шалгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлсэн.
Тухайн иргэний хувьд өөрийн үйлдлээ ямар нэгэн зөрчил, гэмт хэрэг гэж бодоогүй, үйлдвэрлэл эрхлэх зорилгоор бага багаар хилээр оруулж ирдэг байсан гэж мэдүүлдэг. Энэ жишээгээр би юу хэлэх гээд байна бэ? гэвэл иргэдийн хууль эрх зүйн мэдлэг хангалтгүй байдал тэднийг гэмт хэрэг, зөрчил үйлдэх нөхцөл болж байх тул төрийн болон төрийн бус байгууллагууд, хэвлэл, мэдээллийн байгууллагууд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг байнга, тасралтгүй хэрэгжүүлж байх нь зүйтэй байна.
-Захиргааны байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн үүрэг хүлээдэг үү?
-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиараа хүлээсэн үүрэг байдаг. Прокурорын байгууллага нь зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллагын шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг, материалд хяналт тавьж ажилладаг. Мөн эдгээр байгууллагатай хамтарч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажилладаг.
-Холбогдох хууль тогтоомж гарснаас хойш гэмт хэрэг, зөрчлийн гаралт хэр буурч байна вэ? Ахиц дэвшил хэр гарч байна уу?
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш төрийн болон төрийн бус байгууллагууд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж ажиллаж байна. Үүний үр дүн нь тодорхой цаг хугацааны дараа гарах байх.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил”-ийн байдлыг 2019, 2020 оны байдлаар судалсан 2019 онд энэ төрлийн зөрчил 7 байсан бол 2020 оны эхний 5 сарын байдлаар 1 зөрчил гарсан байна. Энэ нь нэг талаас зөрчил буурсан ахиц гарсан гэж үзэхээр байна.
-Фэйсбүүк хуудсаар тарваганы мах идэж байгаа, идсэн зургийг хүмүүс их нийтэлдэг шүү дээ. Энэ үйлдэл бас л хууль хяналтын байгууллагад дуудагдан шалгагдах нөхцөл бий болгох уу?
Тарвага агнах улирал, мөн агнахын тулд тусгай зөвшөөрөл авах ёстой байдаг. Хэрэв энэ үед биш мөн тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, худалдсан, худалдан авсан бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээдэг тул дээрх нөхцөл байдлыг тогтоохын тулд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна.
-Хайхрамжгүй байдлаасаа гал алдаж, байгаль орчинд хохирол учруулах нь мөн л зөрчлийн хуулиараа хариуцлага тооцогдож явах уу?
Гал алдах нь Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлд заасан “Галын тухай хууль тогтоомж зөрчих” зөрчил тул хариуцлага хүлээнэ.
Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд “Эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээх” гэдэг зүйл анги байдаг. Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 300.000 төгрөгнөөс дээш хохиролтой бол Эрүүгийн, 300.000 төгрөгнөөс доош бол зөрчлийн хариуцлага хүлээдэг.
-Гэр хорооллын айлуудад үнсээ задгай асгаж, бусдад хохирол учруулах тохиолдлууд мэр сэр гардаг. Энэ тохиолдолд ямар хариуцлага хүлээдэг юм бэ?
Ил задгай үнс нурмаа хаяссан Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйллд заасан “Галын тухай хууль тогтоомж зөрчих” зөрчилд тооцогдоно. Гэхдээ уг үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөнд ноцтой эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдэг.
-Прокурорын байгууллагын зүгээс иргэдэд ямар зөвлөмж хүргэмээр байна вэ?
Иргэдийг ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө тухайн үйлдэл чинь хууль ёсны байна уу, хууль бус байна уу гэдгийг сайтар судалж байгаарай. Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалж, иргэний үүргээ биелүүлж байгаарай гэж хэлье.
-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.
Танд ч бас баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Н.БАТАА