ЖДҮХС-гаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулсан хэргийг нь шүүхэд шилжүүлэхэд бэлэн болоод буй УИХ-ын гишүүн Г.Солтаныг албадан ирүүлэх захирамжийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргаад цөөнгүй хонож байна.
Тэрбээр “Монгол шаазан” компанидаа дээрх сангаас 950 сая төгрөгийн санхүүжилт авсан ч зээлээ эмчилгээндээ зарцуулан, зориулалтын дагуу ашиглаагүй нь тогтоогдсон гэдэг.
Гэвч тэрбээр хууль сахиулах байгууллагаас явуулж буй мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсаар байна. АТГ, НПГ-аас яллагдагчаар татах тогтоолыг нь танилцуулахаар өнгөрсөн өвөл дуудахад ирэхгүй, мөрдөгчийн мэдэгдэх хуудас болон прокурорын зарлан дуудах хуудсыг авахгүй байсан. Энэ удаа ч бас прокурор, мөрдөх байгууллагын дуудсан цагт ирэхгүй яллагдагчийн үүргээ биелүүлэхгүй байгаа юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9-д “шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт ирэх, шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх” үүрэг хүлээх бөгөөд яллагдагч энэ үүргээ биелүүлээгүй бол хуульд заасан албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохоор хуульчилсан.
Харамсалтай нь, хэдхэн хоногийн дараа бүрэн эрхээсээ салах УИХ-ын гишүүн Г.Солтан шүүгчийн захирамжийг үл ойшоож байгаа аж. Уг нь захирамж гарсан өдрийн 13.00, 16.00 цагт очно хэмээн утсаар мэдэгдсэн хэмээн эх сурвалжууд хэлсэн ч өнөөг болтол ирээгүй байна. Тэрбээр үндсэн хаягтаа ч очихгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй зугтаад буй гэнэ. Тиймээс Г.Солтаныг албадан ирүүлэх шүүгчийн захирамж хэрэгжихгүй олон хонолоо.
1 comment
Аил нээмэгц казакстан гараад зугтана. Барьж хорь