Хүний оюун санааны талх болсон урлагийн салбарыг улс төртэй хутгах ёсгүй-
А.ЦАГААН
Соёл урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” өчигдөр Сүхбаатарын талбайд болов. Тус үйл ажиллагааны гол зорилго нь соёл урлагийн салбар байгууллагуудын явуулж байгаа үйл ажиллагааг иргэд олон нийтэд таниулан, сурталчлах байсан. Урд өмнө нь ийм өдөрлөг хэд хэдэн удаа болж байсан ч энэ удаагийн нэлээд халуухан болсноороо онцлог. Учир нь, арга хэмжээг нээж үг хэлсэн салбарын сайд, дарга нарын араас Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батзаяа гарч ирэн өдөрлөгийн талаар өөрийн санаа бодлоо хуваалцах гэсэн боловч бараг л тайзнаас хөөгдөөд буув. Тэрээр “Дарга нараа юу хийж гийгүүлчихээд энэ тайзан дээр гарч ирээд байгаа юм бэ, пээдийгээд дандаа тууз хайчилж явах юм” хэмээн хэлснийхээ төлөөсөнд ийн хөөгдсөн хэрэг. Ийнхүү ихэд бухимдсан Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батзаяатай ярилцлаа.
-Таны ингэтлээ их бухимдалтай явж байгааг хараагүй юм байна. Юу таныг ингэж бухимдахад хүргэв?
-Үнэнийг хэлэхэд өнөөдөр бүх зүйл гажуудалтай болж. Хүмүүсийн оюун санаа ч гэсэн их бохирдсон байна. Харамсалтай нь, оюун санааны гол цөм болсон манай урлагийн салбарынхан тайзан дээр гарч гоё үг ярьдаг худлаа сайд, дарга нарын шоунд оролцож өдөрлөг зохиосон болоод өнгөрч байна. Энэ сайд, дарга нар худлаа шоу зохиож байхаар урлагийн байгууллагуудаар явж, нийгмийн асуудал ямар байна, ажилчдынх нь амьдрал ахуй нь ямар байгааг харах хэрэгтэй шүү дээ. Конторт сууж байгаад нэг гарч ирэхээрээ талбай дээр худлаа шоу зохиох юм. Энэ мэт болж бүтэхгүй байгаа асуудлыг нь ярих гэсэн чинь микрофоноо хаачихлаа. Аялдан дагагч, гар хөл болсон, цүнхийг нь барьсан хүмүүс нь ярвайж ирээд муухай хараад байна. Эцсийн эцэст тэд хэн юм, юу юм бэ. Хэрвээ мөнгөтэй байсан бол микрофон өсгөгчтэйн худалдаж авч, авчраад залгаад ярихсан. Даанч тийм боломж нь алга.
-Та урлагийн салбарыг улс төртэй холболоо гэж бухимдаад байгаа юм аа даа?
-Бүх зүйлийг улс төртэй хутгаж байна шүү дээ. Урлагийг хүртэл улс төртэйгөө хутгачихлаа. Хүний оюун санааны талх болсон урлагийн салбарыг улс төртэй хутгах ёсгүй юм. Сонгууль дөхөхөөр л энэ мэтээр худлаа шоу зохиодгоо болих хэрэгтэй. Урлагийн байгууллагуудыг Сүхбаатарын талбай дээр авчирч шоу хийлгэх ёстой юм уу. Урлагийн байгууллагынхан дарга нарын зараалаар ингэж тоглолт хийх алба ч байхгүй. Тэгж их хүсээд байгаа юм сайд, дарга нар өөрсдөө тоглолт хийх хэрэгтэй шүү дээ.
-Урлагийн байгууллагын өөрсдөө хүсээд оролцсон байлгүй дээ. Тэдэнд татгалзах эрх нь бий байх?
-Юу гэж татгалзаж чадах вэ дээ. Нам эвсэл, фракцаараа нийлээд дарамталчихна. Энэ хүмүүс чинь цаанаа амьдралтай юм болохоор юу ч хэлж чадахгүй. Өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлэхээс өөр аргагүй болохоор буруутгах хэцүү. Надад бол алдах юм байхгүй. Ингэж хэллээ гээд намайг сагсуу өвчтэй, хэнээрхлээ гэх биз. Хэлэх ёстой юмаа хэлж байсан нь дээр. Гол нь тэд энэ шоугаа их том ажил хийсэн мэтээр ярина. Ийм их хөрөнгө зарлаа гээд ярих л байх. Энэ мэтээр манай монголчуудын сэтгэл бохирдчихоод байна. Агаар, газар нь бохирдсон биш, хүмүүсийнх нь сэтгэл л бохирдчихож. Бохир сэтгэлтэй хүн гоё юм хийнэ, зохион байгуулна гэж байхгүй. Жишээлбэл, бохир сэтгэлтэй хүн агаар цэвэршүүлнэ гэж хэлчихээд, хойгуур нь ашиг хонжоо л хайдаг юм. Энэ мэтээр бодож, санаснаа хэлэх гэж тайзан дээр гарсан. Одоо намайг хүмүүс элдвээр хэлэх л байх. Надад янз бүрээр шоудах сонирхол алга. Аль нэг нам, фракцын явуулгаар ингэж ярьж байгаа ч юм биш. Ямар ч гэсэн үүнийг манай уран бүтээлчид ойлгох хэрэгтэй. Дарга нар дагаж далдайгаад байвал насаараа л ядуу, зүдүү амьдарна. Олигтой уран бүтээл хийх санхүүгүй л байсаар байна. Ийм байдалтай яваад байх вий гэж сэтгэл өвдөж, санаа зовж байна. Үүнийгээ илэрхийлснээрээ өөртэй лай хурааж байдаг хүн дээ. Одоо чинь үнэн үг сонсох хүн ховор болж. Хэлэх нь ч ховордсон байна. Хэн үнэнийг хэлдэг вэ гэхээр солиотой хүн хэлж байх шиг. Тэдний нэг нь би юм уу даа. Гэхдээ солиотой хүнээс хааяа үнэн үг гардаг юм шүү.
Эх сурвалж: www.assa.mn