ОУВС-гийн Ажлын хэсэг Монгол Улсад 99 сая ам.долларын шуурхай санхүүжилт олгох хэлэлцээрт хүрснийг Монголбанк мэдээллээ.
Энэ сарын 11-13-ны өдрүүдэд ОУВС-гийн Ажлын хэсэг Монгол Улсын эрх баригчидтай цахим уулзалт зохион байгуулсан. Тус уулзалтын үеэр Ковид-19 цар тахлын Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө, өрийн тогтвортой байдал болон бусад асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлснийг өмнө нь мэдээлсэн.
Уулзалтын дараа Шуурхай санхүүжилтийн хэрэгсэлд Монгол Улсыг хамруулах хүсэлтийг хэлэлцэж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн яаралтай төлбөрүүдийг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 72.3 сая зээлжих тусгай эрх буюу 99 сая ам.долларын санхүүжилт олгох ОУВС-гийн Ажлын хэсгийн түвшний хэлэлцээрт хүрчээ.
ОУВС-гийн манай улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиб энэ удаагийн Ажлын хэсгийн айлчлалыг дүгнэж, дараах мэдэгдлийг хийжээ.
Тэрбээр “КОВИД-19 цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх, эмзэг бүлгийн иргэдийг хамгаалахаар авч хэрэгжүүлж буй бодлогын тухай үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо. Өнөөг хүртэл Монгол Улс вирусийн тархалтыг амжилттай хязгаарлаж байна. Хэдий тийм ч экспортын орлогын бууралт болон цар тахлын эсрэг авч буй арга хэмжээнүүд нь эдийн засагт томоохон сорилт болж байна.
Монгол Улсад ОУВС-гийн дэмжлэгтэй хэрэгжиж буй, 2020 оны тавдугаар сарын 23-нд эцэслэх хөтөлбөрийн хүрээнд улсын өрийг бууруулах, нөөц хуримтлуулах зэрэг чиглэлээр эдийн засгийн дархлааг бэхжүүлэхэд сүүлийн жилүүдэд томоохон ахиц гарлаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд эрсдэлээс хамгаалах бодлогыг бий болгосны үр дүнд эрх баригчдын зүгээс тахлын эсрэг тэмцэх яаралтай арга хэмжээг авах чадамжийг бүрдүүлжээ.
Анхаарвал зохих нэн тэргүүний зорилт бол тахал өвчин болон түүний нөлөөнд хамгийн их хохирч болзошгүй эмзэг бүлэгт чиглэсэн Засгийн газрын үр ашигтай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх явдал юм. Түүнчлэн, цар тахлын макро эдийн засгийн тогтвортой байдалд учруулж буй дарамтыг бууруулахын тулд эрх баригчид зардлаа эрэмбэлэх замаар төсвийн сахилга батыг хангах, илүү уян хатан ханшийн системийг хүлээн зөвшөөр ч ихээхэн хүчин чармайлт гаргаж хуримтлуулсан нөөцөө хадгалах шаардлагатай юм.
Харин вирусний тархалт багассаны дараа дотоодын өрийг бууруулах, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, банкны өөрийн хөрөнгийг өсгөх чиглэлд арга хэмжээ авахыг зөвлөж байна. Ялангуяа, эрх баригчдын зүгээс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үргэлжлэл болгон банкны салбарын шинэчлэлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхтэй санал нэгдсэн. Ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлсэнд эрх баригчдад талархал илэрхийлье” гэжээ.