Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсаас иргэдээ татан авах Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас 09:15 цагт хөөрсөн бол өнөөдөр /2020.05.19/ өглөөний 07.50 цагт Дэли-Ханой-Улаанбаатар чиглэлийн ОМ7758 дугаартай онгоц газардлаа.
Энэ удаагийн нислэгээр Энэтхэг улс руу эмчилгээнд явсан иргэдийг авчирсан бол урьдчилсан тоогоор нийт 160 орчим иргэн эх орондоо ирсэн гэх тоо байгааг албаны хүмүүс мэдээлж байна. Иргэдийг онцгоцноос буунгуут халдваргүйтэлт хийсний дараа шууд шинжилгээнд хамруулж УОК-ын шийдвэрийн дагуу 21 хоног тусгаарлана.
Харин БНЭУ-д шавилан сууж байгаа ламхай нарыг дараагийн нислэгт хамруулах талаар судалж байгаа талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өмнө нь мэдээлсэн. “Ламхай нар Дели хотоос 2000 гаруй км-ийн зайтай газар шавилан суудаг. Тэднийг хол газраас өвчний тархалт их байгаа бүс нутгуудаар дамжуулж Дели хотод авчрах нь эрсдэлтэй байгаа юм. Энэ бүх хүчин зүйлийг харгалзан үзэж, шавилан суудаг газарт нь хамгийн ойр байрлах хотуудад нислэг хийж болох эсэхийг судалж байна” гэсэн юм.
Яг одоо мэргэжлийн байгууллагууд иргэдийг хүлээн авч байна.