Коронавирусний цар тахлын дараа үндэсний эдийн засаг ойрын хагас жилийн хугацаанд сэргэх шинжгүй бол БНСУ-ын гурван компани тутмын нэг нь ажилтнуудаа цомхотгохоос өөр аргагүйд хүрнэ гэдгийг Солонгосын эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн явуулсан судалгаа харуулжээ.
120 компани хамрагдсан уг судалгаанд оролцогчдын 30 орчим хувь нь цар тахлын үр дагавартай холбоотой асуудал зургаан сарын дотор цэгцрэхгүй бол ажлын байруудыг энэ хэвээр нь авч үлдэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна. Компаниудын бусад 20 орчим хувь нь ажилтнууддаа цалингүй чөлөө олгох бол 17 хувь нь ажилтнууддаа олгодог хөнгөлөлт, урамшууллаа багасгана гэжээ. Энэ нөхцөл байдалд төрөөс компаниудад ажлын байраа авч үлдэхэд нь туслахад зориулж олгох тэтгэмжээ нэмэгдүүлэх ёстойг дурджээ.
БНСУ-д 1-4 дүгээр сарын хугацаанд нийт ажилгүй иргэдийн тоо 2.8 саяд хүрчээ. Энэ нь 2000 онд хөдөлмөр эрхлэлтийн тухай статистик мэдээлэл цуглуулж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт аж. Энэ оны эхний дөрвөн сарын хугацаанд 1.05 сая хүн компани нь хаагдсан эсвэл цомхотголд орсны улмаас ажлын байраа алджээ. Энэ нь 2008 оны санхүүгийн хямралаас өндөр үзүүлэлт аж.
МОНЦАМЭ