Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.05.18/
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 улсад коронавирусийн халдвар бүртгэгдэж, 4.8 сая хүн өвчилж, 316 мянган хүн нас барж, 1.8 сая хүн эдгэрсэн байна. 2.6 сая хүн энэхүү өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 44 мянган хүний биеийн байдал хүнд байна.
Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 95 мянган хүн шинээр Ковид-19 халдвар авч, 4000 гаруй хүн нас баржээ. ОХУ-д сүүлийн 24 цагт 9500 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол Буриадад 27, Эрхүүд 30 тохиолдол шинээр нэмэгдсэн. Тувад 17 тохиолдлоор шинээр нэмэгдсэн.
Монгол Улсад одоогоор 1747 хүн ажиглалтад байна. Ажиглалтын байранд 46 их эмч, 49 резидент ажиллаж байна. Өчигдөр 15 чиглэлийн галт тэргэнд 11 эмч ажиллаж, 4471 иргэнд эмч нар хяналт тавьж ажилласан. Энэ үед иргэдээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй.
Өнгөрсөн 24 цагт 119 дугаарт 166 дуудлага ирж, коронавирусийн зөвлөмж, зөвлөгөөг авсан. Шуурхай 119 гэсэн мобайл аппликейшныг ашиглан БНСУ, Бельги, ОХУ-аас дуудлага ирсэн.