Сэтгүүлч Б.Отгон 2020.05.18
Төрийн тэжээврүүд, түүний үе залгамжлагчдын ТАНСАГЛАЛ хэтэрсэн учраас БИД тэжээж дийлэхгүй болсон. Тэдний ТЭЖЭЭЛИЙН ЦЭГ төр биш. Авгалдай нарын шимэгчилж амьдрах обьект нь ард түмэн бүр биш. Тансаглах дуртай бол туйлдсан төсвөөс хулгайлж суухын оронд хувийн бизнесээ хийж, хөдөлмөрлөх хэрэгтэй. Авлигачид, албан тушаалын гэмт хэрэгтнүүд угаасаа төрд байх ёсгүй. Эхнээсээ арчигдсан.Үлдэгдлийг нь сонгуулиар бүрмөсөн арчих учраас тэдний тухай ярих ч хэрэггүй. Харин одоо 2020-2024 онд улс орныг авч явах шинэ нэр дэвшигчддээ ШАЛГУУР тавья!!!
1. ЦЭВЭР ХҮН
Улс орон буруу замаар будаа тээж явна. Зөв замд оруулахын тулд өөрөө ЦЭВЭР байх ёстой.Төрд нүүрлэсэн хулгайчдын бүлэглэлд багтаж, хамт хулгайлж, гар хөл болж, бялуунаас нь хувь хүртэж, гэмт хэргийг мэдсээр байж нуун дарагдуулж, хүлээн зөвшөөрч явсан бол ШИНЭ байсан ч ЦЭВЭР биш. Цэвэр ариун ёс суртахуун гэдэг бол бүр хар багаас суусан хүмүүжил байх ёстой. Та ЦЭВЭР хүн мөн үү?
2. ЭХ ОРОНЧ ХҮН
Монгол улс эдийн засгийн тусгаар тогтнолоо алдсан. Өрөнд баригдсан, импортын хараат, гурван Монгол хүн тутмын нэг нь ажилгүй, ядуу байна. Дэлхийд гайхагдсан нөөцтэй Оюутолгой, Тавантолгойг олборлож байгаа ч ашгийг нь гадныхан хүртдэг. Рио Тинто мэтийн гадны компаниудын угжны улс төрчид УИХ-д сууж, захиалгын хууль үйлдвэрлэж байна. Үүнийг нэн яаралтай засч залруулахгүй бол Монгол улс ТУСГААР ТОГТНОЛ-оо алдах аюул отож байна. Уул уурхайн олборлолтоос ус, бэлчээр, амьдрах орчин устаж,хордож, ирээдүйн үр хойчийнхоо амьдралыг цаазын тавцанд аваачиж байна.Нийт Монголын ард түмний эрх ашгийн төлөө өөрийгөө зориулах ЭХ ОРОНЧ сэтгэл танд байна уу?
3.ШУДАРГА ХҮН
Ард түмнийг аяга хоолноос илүү бухимдуулж, амьдаар нь үхүүлж буй зүйл бол ШУДАРГА БУС байдал. Шударга бустай тэмцэхэд ЗОЛИОС хэрэгтэй. Ард түмний ЗАРЦ болж, ачааны хүндийг үүрэх БЯР өөрт чинь бий юу? УИХ-ын гишүүн болохыг хөрөнгөжих, ая тухтай амьдрах, алдар нэр, эрх мэдлээр төсөөлж буй бол та шударга бус хүн. Шударга ёсыг дээрээсээ эхлэх ёстой. Эрх мэдэлд хүрсэн та өөрөө шударга бус, бусдыгаа шударга зан чанараар манлайлж чадахгүй бол шударга ёс төрд хэзээ ч тогтоохгүй. Намын дарга, намын нөхөд хажууд чинь хулгай ярьж байхад хамтрах тухай бодож байвал та шударга бус хүн байна. Ийм хүн төрд хэрэггүйг энэ цаг үе шаардаж буйг мэдэрч байна уу? Сонгуульд их мөнгө зараад эргээд түүнээ төрд гарч олох тухай бодож байвал яг одоо боль!!! Мөнгөө бүү үр!
4.ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ ХҮН
Уг нь энэ шалгуур нэгт байх ёстой. Гэвч манайд төрөөс хулгай хийхгүй байх нэг номерийн шалгуур учраас ЭРДЭМ БОЛОВСРОЛ их хойно бичигдэх болжээ. Улс орныг удирдан зална гэдэг бол амны салиа нь арилаагүй,ар гэрээ ч төвхөнүүлж амжаагүй бацаануудын танилцах аялал биш. Хөгжсөн улс орнууд ирээдүйн удирдагчидаа бодлогоор бэлтгэж, шат дараалалтай, шалгууртайгаар сэнтийд нь залдаг. Улсын хөгжлийг ядаж 10,20 жилээр нь харчихдаг, хөгжлийн тодорхой үзэл баримтлалтай байх ёстой . Төв талбайд хэдэн удаагийн жагсаал хийснээр улс төрч болчихдоггүй юм л даа. УИХ –ын гишүүн бол хууль тогтоогч. Энэ улс оронд тохирох эрх зүйн хамгийн боломжит хувилбарыг сонгоход таны мэдлэг чадвар, туршлага хангалттай юу?
5. ЭРС ӨӨРЧЛӨГЧ
Зүй ёсоороо, жам ёсны голдиролоороо төр нэгэнт яваагүйгээс хойш эрс өөрчлөлт хэрэгтэй. Өөрчлөлт хийх хамгийн дөт зам нь УИХ-ын гишүүн болох. Тэнд зөв шударга, бузар булайг таслан зогсоох,өөрчлөлт хийх хүсэл зорилготой хүмүүс олуулаа болж байж ӨӨРЧЛӨЛТ хийнэ. Өөрчлөлтийг өөрийн гэсэн хатуу үзэл бодол,арга зам, төлөвлөлттэй хүмүүс л хийнэ. Төрд бугшсан ХУЛГАЙЧ нарыг зайлуулахаас эхэлнэ. Тэмцэхэд ЭР ЗОРИГ,ЗОЛИОС хэрэгтэй. Харин хэн нэгэн эрх мэдэлтний нөмөрт хоргодсон эрх муужгай нар тэнд огт хэрэггүй!!
6. СОНГУУЛИЙН ХУВЬСГАЛ
Мөнгө өгсөн,нэг намынх,угаасаа л гарах учраас, нутгийнх, туршлагатай, танил,нэг сургууль, найз нөхөд………Энэ балай шалгууруудаа яг одоо таягдан хая!!Сонгуулийн хувьсгал хийж, зөв хүнээ тал талдаа дэмжин гаргацгаая!!!
Ядаж дээрхи шалгуурт нийцсэн хүн таны тойрогт ХЭН байна вэ? Гэдгийг тунгаан бодож сонголт хийгээрэй. Зөв хүн элдэв жүжгийн гол ДҮРД тоглодоггүй учраас түүнийг олж сонгох нь далайн гүнд, хясаан дунд нуугдсан СУВД олж илрүүлэхтэй адилхан. Гэхдээ аль ч тойрогт нуугдсан СУВД буй учраас олж сонгох нь таны эх орныхоо өмнө хүлээсэн ҮҮРЭГ!!!
1 comment
estoi neeree sanal neg bainaa, toriinhniig luivarchidiig haraagaad duuslaa….hamgiin gol buruutan ni songogchid baigaa shyydee dandaa tanidag tod baisan turshlagatai ch geh shig balai um harna, turshlaga geed huuchinuudiig songomoorgui baina, chadaltai bolovsroltoi l baih heregtei, huuli bolosruuldag tord duuchin bohchin, jyjigchin ih mongo idsen businesiinhen eroosoo baih esgui gedgiig anhaarmaar baina