УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан парламент өнөөдөр отгон чуулганаа хийлээ.
Энэ удаагийн УИХ ээлжит болон ээлжит бусаар 11 удаа чуулж, 1400 орчим хууль, тогтоол баталсан байна. Үүнээс нь 20 гаруй жил ярьсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг эцэслэн баталсан нь онцлох ажил байсныг УИХ-ын дарга Г.Зандашатар хэллээ. Тэрбээр, “Үндсэн хуулийн өөрчлөлт сайн цаг, сайхан ирээдүйг эх оронд минь авчирна гэж итгэж, хичээлээ.
Парламентыг шинэчлэн, зөвлөлдөх санал асуулга, нийтийн сонсгол, нээлттэй хэлэлцүүлгийг 60 гаруй удаа зохион байгуулсан байна. Ингэснээр хуулийг олон нийтийн төлөөлөлтэй хамт боловсруулдаг жишиг энэ удаагийн парламентын үед хэлбэржин тогтлоо. УИХ-ын алсын хараа, төлөвлөгөөг 17 жилийн дараа шинэчлэн боловсруулж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ард түмэнд үлдээж, “Оюу толгой”-д Монголын эрх ашгийг хангах тогтоолыг баталсан зэрэг чухал шийдвэрийг онцлон тэмдэглэж болно” хэмээв.
Энэ удаагийн парламентаас Монгол төрийн 7 эрдэнийг бэлгэдэн УИХ-ын 7 гишүүнийг онцлох гишүүнээр тодруулсныг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. Онцлох гишүүнээр Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт, Я.Санжмятав, Т.Аюурсайхан нарыг тодруулжээ.
Сүүлийн буюу 2020 оны хаврын ээлжит чуулганаар “COVID-19” цар тахлаас сэргийлэх үүднээс цахимаар хуралдлаа. Дэлхийн бүх улсад тархаад буй уг цар тахлаас сэргийлэхээр Монгол улсын төр, Засгийн газар бүхий л арга хэмжээг авч байгаа бөгөөд УИХ иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах хууль, тогтоолыг баталсныг УИХ-ын дарга Г.Занданшатар дурдав.
Эдгээр хууль, тогтоолын хүрээнд 18 хүртэлх насны хүүхэд бүрт энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл сар бүр хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон олгож байна. Мөн нийгмийн халамжийн дэмжлэг шаардлагатай бага орлоготой насанд хүрсэн 122.3 мянган хүн бий. Дэмжлэг шаардлагатай хүн бүрт сард 16 мянган төгрөг өгдөг байсныг энэ оны тавдугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл 32 мянган төгрөг болгож байгаа.
Энэ хугацаанд 118 мянган хүүхдэд олгодог 8 мянган төгрөгийг 16 мянга болголоо. Мөн хугацаанд нэг сард 188 мянган төгрөгийн нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг 3600 ахмад, хөгжлийн бэрхшээлтэй 42.5 мянган иргэн, 116 одой иргэн, тэжээгчээ алдсан 16.5 мянган хүүхэд, өрх толгойлсон эцэг эхэд 100 мянган төгрөг олгож байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар, “Нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх, ажил нь доголдсон аж ахуйн нэгжийн ажилтнуудад 200 мянган төгрөг олгох шийдвэр нь иргэдээ дээдэлсэн төрийн сайн жишиг. Цаашид үйлдвэрлэл үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг дэмжиж, айл өрхийг хямралд өртүүлэхгүй байх ажлыг шуурхай хэрэгжүүлэх нь чухал. Тухайлбал, ХӨСҮТ-ийн шинэ байрны түрээсийн асуудлыг шийдвэрлэх, эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан ипотекийн орон сууцны зээлийн асуудлыг мөн шийдвэрлээд байна” гэлээ.
УИХ-ын хаврын ээлжит чуулган эхэлснээс хойш чуулган, байнгын хороо 71, түр хороо 2 удаа хуралдаж, 124 хууль, тогтоол хэлэлцэн баталсан байна. Ноднин 11 дүгээр сард баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд бусад хуулийг нийцүүлэх хүрээнд баталсан хуулиуд энэ удаагийн чуулганы гол ажил байсныг УИХ-ын дарга мөн онцолсон юм. Удахгүй болох УИХ-ын ээлжит сонгуулиар байгуулах парламент эрх зүйн хувьсгал хийх ажлыг эрэмбэ дараатай үргэлжлүүлнэ хэмээн итгэж буйгаа дурдлаа.
Ийнхүү УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулган түр завсарлав. Ирэх сарын 24-нд болох ээлжит сонгуулийн дараа шинээр байгуулагдах УИХ хаврын чуулганыг үргэлжлүүлэх юм.