Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 15-17-ны өдрүүдэд ихэнх нутгаар салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурах төлөвтэй байна. Мөн монгол орны нийт нутгаар хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.
Он гарсаар өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор, Өвөрхангай зэрэг 14 аймгийн 56 суманд нийт 73 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 4524 га ой, 95.941 га хээрийн талбай өртөж, хоёр гэр, дөрвөн айлын өвөлжөө, нэг автомашин шатаж нийт 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 8.5 хувиар өссөн бол учирсан хохирлын хэмжээ 34.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Иймд иргэд, малчид, тариаланчид, ой, хээрийн бүсэд зорчин явагсад:
-Автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,
-Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх,
-Ил задгай гал түлэхгүй байх,
-Асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах,
-Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байж, ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулав.