Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэхдээ “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тавдугаар сарын 12-ны өдрийн мэдээллээр АНУ, ОХУ, Испани, Их Британи, Итали, Бразил зэрэг улс дэлхийд хамгийн өндөр тархалттай улсаар нэрлэгдэж байна.
ОХУ-д Ковид19-ийн 11 мянга гаруй тохиолдол шинээр илэрснээр нийт халдварын тоо 232 мянга гаруй болж, АНУ-ын ард бичигдэж байна. Мөн Бразилд 9.200 гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэнээр халдварын тохиолдлын тоогоор Германы өмнө орлоо. Сингапурт 880 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 24.600 гаруй халдварын тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Номхон далайн баруун бүсэд БНХАУ-ын дараа бичигдэж байна. Япон улсад өчигдөр шинэ тохиолдол 81, нас баралт 21 бүртгэгдсэн.
БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 26 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Сөүл хотын шөнийн клубээс эх уурхайтай голомтот халдварын нийт тоо 102 боллоо. Үүний 73 нь Итэвон дүүргийн шөнийн клубүүдээр үйлчлүүлсэн иргэд бол тэднээс хоёрдогч байдлаар халдвар авсан хүний тоо 29 болсон байна.