Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа COVID-19 халдвар тархсан дэлхийн улс орнуудын нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Тэрбээр хэлэхдээ “Бүртгэгдсэн тохиолдлын тоогоор дэлхийд АНУ, Испани, ОХУ, Их Британи, Итали, ХБНГУ, Бразил, Турк, Франц, Иран улс эхний аравт жагсаж байна. ДЭМБ-ын Европын бүс дэх улсууд хязгаарлалтын арга хэмжээг шатлан сулруулж нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг сэргээж байна. Үүнээс үүдэн халдвар дахин сэргэж хоёр дахь давалгаа үүсэж болзошгүй байна.
ОХУ
Шинээр 11600 гаруй тохиолдол бүртгэгдэж нийтдээ 221 мянга болж, нас баралт 2000 давлаа. Халдвар өдөрт дунджаар 10 мянгаар нэмэгдэж, нийт халдварын тал хувь нь Москва хотод төвлөрч байна. Энэ мягмар гаригаас эхлэн хязгаарлалтыг сулруулж, цуцалж байгаа талаар тус улсын Ерөнхийлөгч мэдэгджээ. Москва хотод хязгараалалтын арга хэмжээнүүд хэвээр мөрдөгдөх аж.
Шинэ Зеланд
Энэ пүрэв гаригаас эхлэн ресторан, кафе, кино театр, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг, тавдугаар сарын 18-наас сургуулийг нээхээр болсон байна.
Австрали
Зарим мужид хязгаарлалтын арга хэмжээг сулруулж байна. Өнөөдрөөс эхлэн Викториа мужид гадна 10 орчим, дотор таван хүн нэг дор цуглаж болох зөвшөөрөл өгчээ. Мөн зарим мужид танхимд суралцах суралцагчийн тоог бууруулах, ариун цэврийн дэглэм мөрдүүлэн хичээл сургуулт нээхээр болсон байна.
БНХАУ
Шинээр 17 тохиолдол бүртгэгдсэнээс тав нь Ухань хотод бүртгэгдсэн. Шинэ тохиолдол нэг газраас буюу орон сууцны нэг байрнаас гаралтай голомтот халдвар байна. Мөн долоо нь зөөвөрлөгдөн орж ирсэн халдвар байна.
БНСУ
27 тохиолдол бүртгэгдэж нийт халдварын тоо 10936 болжээ. Сөүл хотын шөнийн клубээс үүссэн голомтот халдвар 94 хүнийг хамарсан байна. Дээрх тохиолдлууд нь шөнийн клубээр үйлчлүүлсэн болон тэдгээрийн гэр бүл дэх ойрын хавьтлууд байжээ. Халдварын голомтыг хяналтдаа авах үүднээс лхагва гариг эхлэх байсан хичээлийг дахин нэг долоо хоногоор хойшлуулсан байна.