Коронавирусийн цар тахалтай энэ хүнд үед өдөр бүр олон мянган хүн нас барсан гэх аймшигт мэдээ бидэнд ирж байгаа билээ. Тиймээс харанхуйн дунд гэрэл гийх сайхан мэдээлэл ч энэ дунд бий.
Пейтон нэртэй бяцхан охин 1,5-хан кг жинтэй дутуу төржээ. Гурван долоо хоногтой байхдаа тэр COVID-19-ийн халдвартай гэсэн онош сонссон байна. Охины ээж Трейси Магуайрын хэлснээр бяцхан нярай төрсөн эхний өдрөөсөө л нус нь гоожих, ханиалгах шинж тэмдэгтэй байсан гэнэ. Ингээд шинжилгээ хийж үзээд Пейтоныг коронавирусийн халдвар авсан болохыг тогтоожээ.
“Надад “Бүх зүйл сайхан болно. Сандрах хэрэггүй. Охин коронавируийн эерэг хариутай гарсан” гэж хэлж билээ. Эмч намайг тайвшруулах гэж оролдсон боловч би шууд л уйлсан. Хэдийгээр охины минь бие хэвийн байсан ч би байнга л хэзээ халдвар авчихав аа, ийм жижигхэн байж яаж вирусийг даван дийлнэ дээ гэж бодож байсан. Үл мэдэгдэх зүйл намайг айлгасаар л байлаа” хэмээн Трейси ярьжээ.
Пейтон охинд уушги бэхжүүлэх стероид хийж, эмч нар түүнийг байнга асарч халамжилж байлаа. Трейси кесарев хагалгаа хийлгээд дөнгөж удаагүй байсан болохоор эмч нар түүнийг охиноос нь 14 хоног тусгаарлана гэж мэдэгджээ. “Би эмчээсээ охиныхоо дэргэд байя гэж гуйсан. Тэд яаж ч арчилж халамжилсан, би ээж нь шүү дээ. Тэр өвдсөн ч би хажууд нь байхыг хүсч байсан” хэмээн Трейси хэлсэн байна. Эмч нар ч Трейсиг охинтойгоо хамт үлдэхийг зөвшөөрч, харин нөхөр Адриан нь гэртээ харихаас өөр аргагүй болжээ.
Азаар Пейтон охин өвчнийг даван дийлж, эдгэрсэн байна. Долоо хоногийн эхээр тэр ээжтэйгээ хамт гэртээ гарчээ. Мөн хоёулангийнх нь биеийн байдал сайн байна.
Трейси хамгийн хүнд мөчид нь түүнд тусалж байсан сувилагчдаар маш их бахархаж байгаа аж. “Тэд үнэмшихийн аргагүй ажил үүрэг гүйцэтгэдэг. Хамгаалалтын хувцсаа ч тайлалгүйгээр хүүхдийг хооллох, тайвшруулах гээд амь насаараа дэнчин тавьж ажилладаг. Тэдэнд маш их талархаж байна. Пейтон бол дэлхий дээр байгаа миний хамгийн үнэтэй зүйл, би тэдэнд түүнийг асарч халамжлахад нь итгэсэн. Санаа зовж байгаа бүх ээжүүдэд хэлэхэд сувилагчдад итгээрэй” гэжээ.