Өглөөний хоолны ач тус
Судалгаанаас харахад монголчуудад өглөөний хоол идэх зуршил маш муу байдаг. Өглөөний хоол идэхгүй байна гэдэг ходоод гэдэс, элэг цөсний өвчлөл үүсэхэд сөрөг нөлөө үзүүлдэг. Өглөөний хоол гэдэг нь тэр өдрийн эрч хүч болж байдаг. Өглөөний хоол идэхгүй эсвэл чанаргүй муу хоол идэх нь ходоодонд маш муу нөлөөтэй. Өглөөний хоол идэхгүй байх нь цөсний чулуу үүсэх гол эх үүсвэр ч болдог. Ер нь, өглөөд хүний цус өтгөн, цөс өтгөн, шээс ч мөн адил өтгөн байдаг. Тийм болохоор заавал өглөөд хооллох хэрэгтэй. Ер нь, өглөө хоолоо идэхгүй байна гэдэг нь маш муу бензинтэй машин явж байна гэсэн үг л дээ. Муу бензинтэй машины амьдрах хугацаа улам л багасна биз дээ. Яг түүнтэй адил. Өглөө хоол идэхгүй байхаар тухайн өдрийн ажлын бүтээмжээс гадна биеийн дархлаа, биеийн ерөнхий эрүүл мэнд багасч байдаг. Дэлхий дээр урт удаан насалсан хүмүүсийг харахад өглөөний цайгаа тогтмол ууж хэвшсэн хүмүүс л өндөр насалж, биеийн ерөнхий эрүүл мэнд дархлааны хувьд сайн байдаг. Дунд сургуулийн хүүхдүүд ч мөн адил. Өглөө цайгаа уудаг биеийн ерөнхий эрүүл мэнд сайтай хүүхэд онц сурдаг, сэргэлэн цовоо байдаг. Хүүхдүүд багадаа ямар зуршил олж авна насан туршдаа тэр зуршлаараа амьдардаг болохоор, ялангуяа хүүхдийн өглөөний хоолыг заавал өгч байх хэрэгтэй. Англид 20 мянган хүүхдийн дунд хийсэн судалгаа байдаг юм. Тэр судалгаагаар өглөө цайгаа уудаг хүүхдүүд онц сурдаг, цайгаа уудаггүй хүүхэд сул дорой, уур уцаартай байдаг. Өглөөний хоол иддэггүй хүүхэд ухамсрын хувьд ч өглөөдөө цай ууж хэвшсэн хүүхдээс муу байдаг гэж судалгааны дүн нь гарсан байдаг юм. Тэгэхээр өглөөний хоол гэдэг хүний ерөнхий эрүүл мэндийн гол хүчин зүйл болдог гэсэн үг.
Ер нь, өглөөний хоолонд яг юу идэх ёстой байдаг вэ?
Хүнсний бүтээгдэхүүнийг үр тарианы төрөл буюу гурил будаа, махны төрөл буюу уураг агуулсан хүнснүүд, хүнсний ногооны төрөл, жимсний төрөл, сүүний төрөл гэсэн үндсэн таван бүлэгт хуваадаг. Үүн дээр өөх тосны төрөл гэж нэмэгдээд зургаан бүлэг болдог. Үүнээс бид үр тарианы төрлийг өглөө түлхүү хэрэглэж байх хэрэгтэй. Хамгийн сайн өглөөний цай гэвэл үр тарианы төрөл, тэр дундаа овъёос болон будааны төрлүүд гэж үздэг. Хүмүүс өглөөний цайндаа ихэвчлэн өндөг шарж, хиам иддэг. Ийм байдлаар өглөөний цайнд хортой хүнс маш их хэрэглэдэг. Сайн идэж авна гэдэг чинь маш их идэх тухай биш хэрэгцээтэй амин дэм, бодисуудаа сайн нөхөж авах хэрэгтэй л гэдгийг хэлээд байгаа юм. Өглөөдөө тараг, аарц, сүү эсвэл үр тарианы төрлөөс заавал хэрэглэж хэвших хэрэгтэй. Овъёос, гурвалжин будаа, хөц будаа ч юмуу хальстай үр тариа хэрэглэвэл маш сайн. Мөн жимсний төрөл орсон байвал хамгийн сайн өглөөний хоолонд тооцогддог. Өглөө хүний биеийн эд эсүүд өөрт хэрэгтэй шим тэжээлтэй амин дэмүүдээ авах гээд “өлсчихсөн” байдаг. Өдөр болохоор тэр чадвар улам буурна гэсэн үг. Өглөөний хоолоороо биеийн эд эсүүд хамгийн их шим тэжээлтэй амин дэмүүдээ авдаг. Юун тулд өглөө болж шинэ өдөр ирж байгаа билээ, өглөөний хоолыг шинээр нь л хэрэглэх хэрэгтэй. Өмнөх оройны хоносон, шөнөжин бактери цуглуулсан хоолыг идэх нь буруу. Ийм хоолыг хүүхдээс аль болох хол байлгах хэрэгтэй.
Сереалыг хэрхэн зөв таних вэ?
Бусад үр тариаг бодвол “cereal”гээд байгаа хоол амин дэм ихтэй. Гэхдээ сереал дотроо хоёр янз байгаа. Бүхэл үр тариа агуулж байгаа гэж байна. Тэр нь овъёос. Эрдэнэшишийнх буюу эрдэнэшишийн нэвс гэж байгаа. Овъёос нь таван төрлийн эрдэс бодис агуулдаг. Өглөө ер нь эрдэс бодис шим тэжээлтэй юм хэрэглэх хэрэгтэй. Өглөө эд эсүүд тухайн шим тэжээлээ аваад хамгийн сайн боловсруулдаг. Орой болохоор авч боловсруулдаг, зарцуулах процесс нь биш аваад хадгалах процесс нь түлхүү явагддаг. Тэгэхээр орой идсэн хоол өөх болж хуримтлагдаад үлддэг гэсэн үг. Өглөө идсэн хоол маш сайн эд эсүүдэд хэрэгцээт шим тэжээл болж очиж шингэдэг учраас л өглөөдөө сайн хоолло гээд байдаг хэрэг. Ер нь, бүхэл үр тарианууд өлсөх мэдрэмжийг их дардаг. Ислэг ихтэй учраас өдрийн хоолны цаг хүртэл цатгалан байлгадаг. Бодисын солилцоог ч сайн явуулдаг.