Өнөөдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарын найман хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал /2020.05.11/ 09.00 цагт эхэллээ.
Ерөнхий сайд асан С.Баяр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Урьдчилсан хэлэлцүүлэгт долоо, найман хүн байна. Эдгээр хүмүүсийг төлөөлж, өмгөөлөгчид саналаа тавьж байна. Биднийг хууль бусаар мөнгө угаах гэмт бүлэг байгуулсан гэж эхэндээ эрүүгийн хэрэг үүсгэж намайг 60 хоног цагдан хорьсон. Гэтэл шүүхэд шилжүүлэхээс өмнө тэр зүйл анги, тогтоолоо хүчингүй болгосон. Гэрээ байгуулахад тав зургаан сайд биечлэн оролцсон. 2015 онд Дубайн төлөвлөгөөг баталсан гэж би дуулсан. Миний оролцоо байхгүй. Гэмт бүлэг байгуулсан гэдэг тогтоолоо хүчингүй болгосон хэр нь биднийг нэг өрөөнд гэмт бүлэг байгуулсан мэтээр цуглуулж байгаа нь буруу. Би энд байгаа хүмүүсийн заримыг нь танихгүй. Бидний хооронд хамтраад эсвэл тусдаа хийсэн гэмт хэрэг байхгүй байтал ингээд байлгаж байгаа нь буруу. Зүйлчлэлээ зөв гаргаач ээ. Бидний хувьд нээлттэй явуулъя гэж хэлсэн. Улсын нууц алга. Олон түмэнд биднийг юугаар яллаад байгаа юм, онц их хэмжээний хохирол учруулсан гээд байгаа юм. Нэгэнт хохирол учруулсан бол улсаа төлөөлөөд ийм хохирол учруулсан юм гээд нэг хүн байх ёстой. Хохирогчгүй хэрэг яваад байна” гэлээ.