Г.РАВЖАА : ӨНӨӨДӨР Сонин
-М.Маратын хүү нь аавыгаа Монгол руу явснаас хойш сураггүй болсон гэжээ-
“Жи тайм” гэх сүлжээг Монголд оруулж ирэн манай олон мянган иргэнийг хохироосон хүмүүст холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ. Казахстаны иргэн Маженов Марат болон манай улсын иргэн Э.Оюунчимэг нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт 2019 оны долдугаар сард дуусан, яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн аж.
Мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчид энэ сүлжээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс 11 734 иргэн элсэж, 22 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэдгийг нь тогтоогоод буй. Прокурорын хяналтад шилжсэнээс хойших олон сарын хугацаанд прокурор, мөрдөгч, шинжээч нар хохирлын тооцоог дахин нягталж, хүн нэг бүрт ногдох хэмжээг дахин тогтоохоос гадна тайлбар мэдүүлгээ дутуу хагас өгсөн иргэдээс ч дахин байцаалт авсан гэнэ.
Ингээд М.Маратад холбогдох үйлдлийг нь тусгаарлаж, Э.Оюунчимэг тэргүүтэй хүмүүсийн гэм буруутай, эсэхийг нь тогтоолгохоор удахгүй шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсныг мөрдөх байгууллагын хэд хэдэн эх сурвалж хэллээ.
“Жи тайм” сүлжээг удирдан монголчуудыг луйвардсан М.Маратыг 2016 оны хоёрдугаар сард монголчуудаас луйвардсан таван тэрбум гаруй төгрөгөө Казахстан руу гэр бүлийнхнийхээ нэр дээр шилжүүлээд хилээр гарах гэж байхад нь цагдаагийнхан баривчилсан. Тухайн үед хэд хэдэн хүн түүнийг хамгаалан, цагдан хорихоос суллуулахаар хөөцөлдөж, улмаар иргэдэд ташаа мэдээлэл өгч, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байсан билээ.
Түүнээс хойш 2018 оны эхээр батлан даалтад гарсныхаа дараа Монгол Улсын хилээр гарч сураггүй болсон юм. Улмаар Интерполд хандан эрэн сурвалжилж буй. Энэ хугацаанд Казахстаны хууль сахиулагчид М.Маратын хүүгээс нь аавынх нь талаар тайлбар авсныгаа манай хууль сахиулагчдад ирүүлсэн аж. Хүү нь “2017 онд Монгол Улс руу ажлынхаа шугамаар явснаас хойш аавтайгаа уулзаагүй, сураггүй байгаа” гэсэн тайлбар өгсөн гэнэ.