Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат Сүрэнхорын Цэгмидийг Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалиар шагнажээ. Шагналыг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Мерген Владимирович Джеваков дөрөвдүгээр сарын 27-нд гардуулан өгсөн байна.
Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их хохирол учруулсан, аймшигт энэ дайны талаар мэдэх амьд түүхэн архив болсон хүний нэг нь С.Цэгмид гэх энэ буурай юм.
Тэрээр 1942 онд фронтод бэлэг хүргэж өгөх төлөөлөгчдийн тоонд багтаж, Маршал Х.Чойбалсангаар удирдуулан явж байжээ. Дээл, шинель, гутал, хувцас, хоол хүнс гээд 217 вагон тусламжийн барааг хүргэж өгсөн төдийгүй, Монголын ард түмний хандиваар бүтсэн “Хувьсгалт монгол танкийн цуваа”-ны 40 гаруй танкийг хүлээлгэн өгөхөд оролцож явсан.
Дөнгөж 19-хөн насандаа Аугаа эх орны дайны фронтод бэлэг хүргэн өгч, 75 жилийн дараа 100 насандаа дайны тухай хүүрнэн, үнэн бодит байдлыг гэрчлэн сууна гэдэг хүн бүрт тохиохгүй ховор тавилан. Тэрээр идэр залуу 20 хүрээгүй байхдаа “Улсын сайн малчин” болж, ажил үйлсээрээ шалгаран фронтод бэлэг хүргэж өгөх төлөөлөгчдийн тоонд багтаж байж.
1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дайн эхлэхэд Монгол Улсын төр, Засгийн газар мэдэгдэл гаргаж ЗХУ-тай байгуулсан гэрээндээ тууштай үнэнч байхыг нотлон дайныг ялалтаар дуусгахад бүх талаар тусалж дэмжихээ илэрхийлсэн байдаг.
Монголын ард түмэн Зөвлөлтийн Улаан армид сайн дураар туслах хөдөлгөөнийг эхлэн олон хэлбэрээр өрнүүлж, “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” гэсэн уриан дор дайны жилүүдэд ажиллаж, амьдарч байсныг түүх гэрчилнэ.
Дайны жилүүдэд Монголын ард түмэн 740 гаруй вагоноос бүрдсэн зургаан удаагийн бэлгийн цувааг фронтод хүргүүлж байжээ. 1941 оны 11 дүгээр сард Улаан армид зориулан Монголын ард түмний хуримтлуулсан бэлгийн анхны цувааг илгээсэн бөгөөд түүнд 15000 цэргийг хувцаслах нэхий дээл, эсгий гутал, үстэй бээлий, нэхий хантааз, цэрэг бүс, 6000 ширхэг ноосон цамц, 440 нэхий хөнжил зэрэг зүйл орж байж.
Монголын ард түмний хөрөнгөөр үйлдвэрлэн бэлэглэсэн байлдааны зэвсэг бол ”Хувьсгалт Монгол Улс” гэдэг нэртэй танкийн цуваа юм. Зөвлөлтийн баатарлаг Улаан цэрэгт бэлэглэх, уг танкийн цуваа байгуулах хөрөнгө цуглуулах ажлыг Засгийн газар хариуцсан бөгөөд 4,5 сая төгрөг, З00 кг алт, 100 000 америк долларыг ЗХУ-ын Гадаад худалдааны банкинд урьдчилан шилжүүлсэн байна.
Энэ бүхний үндсэн дээр танкийн цувааг ЗХУ-д үйлдвэрлэсэн Т-34 загварын 32, Т-70 загварын 21, бүгд 53 танкаар бүрдүүлэн байгуулж, Москвагаас холгүй орших танкийн 112 дугаар бригадын бүрэлдэхүүнд Монголын ард түмний бэлгийн гурав дахь ээлжийн цувааг маршал Х.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчид хүргэж өгч байсан ба С.Цэгмид гуай тэдний нэг төлөөлөгч байсан юм.
Монгол Улсын БХЯ