Танзанийн ерөнхийлөгч Жон Магуфули коронавирусийн оношлуур хэр үр дүнтэй гэдгийг батлах туршилт явуулжээ. Ингээд хүмүүс дээр төдийгүй амьтад, жимсэн дээр туршилт хийсэн байна. Гэтэл ямаа, папайя жимснээс эерэг хариу гарсан гэнэ. Үүний дараа Ерөнхийлөгч Үндэсний эрүүл мэндийн лабораторийн тэргүүнээ ажлаас нь халжээ.
“Бид лаборатори руу хүний нэр бичсэн хэд хэдэн туршилт дээж явуулсан. Жишээ нь машины тосыг 30 настай Жабира Хамза гэдэг эрэгтэй хүний нэрээр явуултал сөрөг гарсан. Талхны модны үрээс дээж аваад Сара Самвел хэмээх эмэгтэйн нэрээр явуултал сөрөг хариу тогтоогоогүй. Харин папайя жимсний дээжийг 26 настай Элизабет Эн гэдэг нэрээр явуултал коронавирус илэрсэн. Ямаанаас ч мөн адил” гэж Ерөнхийлөгч хэлсэн байна.
Тэрбээр лабораторио “бохир тоглоом” тоглож байна хэмээн буруутгаж, Үндэсний эрүүл мэндийн лабораторийн тэргүүнээ халж, хэрэг үүсгүүлэн шалгаж эхэлжээ.
Ямаа, жимснээс коронавирус илрүүлсэн оношлуур эвдрэлтэй байсан байж магадгүйг Магуфули үгүйсгээгүй аж. Эдгээр оношлуурыг чухам аль улсаас авсан тухай тодорхой мэдээлэл одоогоор алга байна.