БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод анх бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусын халдвар хүрээгээ тэлж өнөөдөр цар тахал болоод байна. Харин хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Хятадын хэсэг эрдэмтэд Covid-19 өвчтэй эрчүүдийн цөөн хэсгийнх нь үрийн шингэнд коронавирус агуулагдаж байгааг илрүүлсэн байна.
Тодруулбал Хятадын Хэнань мужийн Шаньчю хотын эмнэлгийн судлаачид нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 16-ний хооронд коронавирусийн халдвар авсан 20-50 насны 38 эрэгтэйн үрийн шингэнийг судалж үзсэн ба тэдний зургаагийх нь үрийн шингэнд коронавирус агуулагдаж байжээ.
Олон улсын эрдэмтдийн сүлжээ болох JAMA Network Open онлайн сэтгүүлд нийтлэгдсэн тайланд “Covid-19 өвчнийг үүсгэгч вирус хүний өтгөн, шээс, шүлснээс илэрч байсан. Харин эрэгтэй хүний үрийн шингэнээс илэрсэн тохиолдол өмнө нь бүртгэгдэж байгаагүй юм” гэж бичсэн байна. Судалгаа нь хязгаарлагдмал хүрээнд хийгдсэн тул эцсийн дүгнэлт гаргах боломжгүй, цааш гүнзгийрүүлэх ёстойг бас бичжээ.
М.Баяр