УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 07-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв.
Энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан. Байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Х.Баделхан, Н.Оюундарь, Ц.Цогзолмаа нар ажилласан.
Ажлын хэсэг 2020 оны 05 дугаар сарын 01,04-ний өдрүүдэд тус тус хуралдаж, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах чиг үүргийн хүрээнд гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл явц нь Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээнд нийцүүлэн хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөвхөн хүн амын аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах зорилгод хүрэхэд зайлшгүй арга хэмжээг авах, түүнчлэн гаргах аливаа шийдвэр нь эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх туйлын эрхийг хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх шаардлагыг хангах, гамшгийн талаарх илт худал мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийтийн сүлжээгээр тархах тархалтыг бууруулах, зогсоох арга хэмжээг тухайн нөхцөл байдалд тохируулан тодорхой хүрээ, хугацаатайгаар авах, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгг шилжүүлсэн үед Засгийн газраас гарах шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцсэн эсэхэд Улсын Их Хурал тоггмол хяналт тавих зэрэг зохицуулалтыг тусгаж өгөх нь зүйтэй гэж үзэж Байнгын хорооны хуралдаанд хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед асуулт асуух, үг хэлэх Улсын Их Хурлын гишүүд гараагүй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулгадаа онцоллоо.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй таван саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Тухайлбал, хуулийн төслийн 1 дүгээр зүйлд “10.9.1.Энэ хуулийн 10.4-т заасны дагуу гарах аливаа шийдвэр, арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд доор дурдсан шаардлагыг нэг мөр хангана; хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан байх; үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийтийн ёс суртахуун, хүн амын эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой байх; энэ хуулийн 10.9.2-т заасан зорилгод хүрэхэд зайлшгүй, тухайн нөхцөлд тохирсон, тодорхой хүрээ, хугацаатай байх; хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг хөндөөгүй байх; Гамшгаас хамгаалах зорилгоор гарах шийдвэр, арга хэмжээ нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөгтухайн нөхцөлд тохируулан хамгийн бага хязгаарласан байна. Монгол Улсын Их Хурал нь энэ хуулийн 10.4-т заасны дагуу Засгийн газраас гарах шийдвэр Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцсэн эсэхэд тогтмол хяналт тавина.” гэсэн агуулгатай 10.9-10.11 дэх хэсэг нэмэхээр болов.
Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт буюу 10.4.13,10.4.17 дахь заалтыг “олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээн дэх гамшгийн талаарх илт худал мэдээлэл нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ноцтой саад учруулахаар бол тухайн мэдээллийн тархалтыг бууруулах, зогсоох арга хэмжээг тухайн нөхцөл байдалд тохируулан тодорхой хүрээ, хугацаатайгаар авах; зайлшгүй шаардлагатай тохиолдолд иргэн, байгууллага, хуулийн этгээдээс холбогдох мэдээллийг авах бөгөөд тухайн мэдээллийн нууцлалыг хадгалах, түүнчлэн гамшгаас хамгаалахаас бусад зорилгоор урвуулан ашиглахгүй байх.” гэж мөн төслийн 3 дугаар зүйлийн 17 дахь заалт буюу 26.1.5 дахь заалтыг “гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал, түүний эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар зарлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тогтмол, шуурхай, хүртээмжтэй, дэлгэрэнгүй мэдээлэх;” гэж тус тус өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Ингээд Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн.
Хуралдааны төгсгөлд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцснээр чуулганы хуралдаан өндөрлөллөө.
Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс