Н.Номтойбаярыг өнөөдөр буюу тавдугаар сарын 7-ны 09:00 цагт Нийслэлийн прокурорын газарт албадан ирүүлэх тухай Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр гаргасан захирамжид дурджээ.
Тэрбээр захирамжийн дагуу өнөөдөр очих гэсэн боловч зам хаалттай гэсэн шалтгаанаар очиж чадаагүй аж. Энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Шүүхийн шийдвэр гарчээ. Гутлаа тослоод өөрөө очих гэтэл зам хаалттай. Маргааш 11:00 цагт өөрийн биеэр очиж улстөрийн “яллах дүгнэлт”-ээ аваад АТГ-ын гадаа шууд нийтэд дэлгэнэ. Хэвлэлийнхэн ирвэл талархах болно” гэжээ.
Н.Номтойбаярын өмгөөлөгч Чингэлтэй дүүргийн шүүгчид хандан хүсэлт гарган Н.Номтойбаяр дээд шатны прокурорт давж гаргасан гомдлын хариу нь иртэл Нийслэлийн прокурор С.Мөнхгэрэлийн гаргасан албадан ирүүлэх хүсэлтийг хуулийн дагуу хүлээн авахаас татгалзахыг хүссэн. Гэвч шүүхээс Чингэлтэй дүүргийн шүүхээс түүний хүсэлтийг хүлээн аваагүй байна.
М.Баяр