Төр, нийгмийн зүтгэлтнүүдийн клубт багтдаг нэр бүхий хүмүүс Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын дарга Г.Занданшатар нарт шаардлага хүргүүлжээ.
Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон онцгой дэглэм хууль зөрчөөгүй, Үндсэн хуулийн Цэцийн бүрэлдэхүүнийг эргэн авч үзэх, заримыг яаралтай эгүүлэн татах, Цэцийг чадварлаг сайн хуульч, туршлагатай, ноён нуруутай хүмүүсээр бэхжүүлэх талаар Ерөнхийлөгч болон Их хурлын даргад хандсан байна.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаан дээр нэр бүхий Цэцийн гишүүнийг татах асуудлын хөндөж байсан. Тэрээр “Ашиг сонирхлын хууль ёсзүйтэй холбоотой асуудал Цэц дээр үйлчилдэггүй юм уу. Ц.Нанзаддорж гэдэг хүн Төрийн өмчийн хорооны дарга байхдаа Хөтлийн цемент, Дарханы төмөрлөг хоёрыг Сугартай нийлж хувьчилсан. Наад хүн чинь Худалдаа хөгжлийн банктай нийлж Сарны титмийг авсан. Хүмүүнлэгийн сургуулийн хувьчлал эд нартай холбоотой хийгдсэн. Ийм хүнийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилсон. Тухайн үед би зөндөө эсэргүүцэж байсан. Энэ хүн эздийнхээ даалгавраар шийдвэр гаргаад, удирдаад яваад байхад бид ингээд хараад байж болох уу. Цэцийг арай ч ингэтлээ дампуурчихгүй байх гэж найдаж байсан. Эрдэнэтийн 49 хувийн төлөөллөөр томилогдсон Ц.Нанзаддорж тэргүүтэй Цэцийн хэдэн нөхөд Эрдэнэтийг сонгуулийн өмнө оруулж ирж байна” гэж байсан билээ.