Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
УИХ-аас 2016 онд Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг тус тус баталсан. Дээрх хуулиуд батлагдаад удаагүй байхад 2017 онд Монгол Улсын төсөв санхүүгийн хүндрэлтэй байдлыг даван туулах арга хэмжээний хүрээнд ОУВС-гийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдах нөхцөл, шаардлагын дагуу Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсан юм.
Хуульд өөрчлөлт оруулахдаа 2 хуулийн зохицуулалтад өөрчлөлт оруулж, 3 зохицуулалтыг хүчингүй болгосон байна.
Тодруулбал,
цэргийн анги, байгууллага офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчийг орон сууцаар хангаагүй бол орон сууц, гэр, байшин хөлслөх тухайн орон нутгийн түрээсийн төлбөрийг 12 ам дөрвөлжин метрээр тооцож цэргийн анги, байгууллага олгох;
улсын хил болон алслагдсанд тооцох анги, байгууллагад таван жилээс дээш хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагчид нэг удаагийн мөнгөн урамшууллыг тэдний сарын үндсэн цалингаас хилийн застав болон түүнтэй адилтгах салбарт 50 хувь, суурин бус газар байрладаг хилийн отряд, цэргийн анги, салбарт 35 хувь, нийслэл, улсын чанартай хотоос бусад суурин газарт байрладаг хилийн отряд, цэргийн анги, салбарт 25 хувиар бодож нэгтгэн, таван жил тутамд олгох;
цэргийн тэтгэвэр тогтоолгосон бэлтгэл, чөлөөнд байгаа дээд офицерт урьд эрхэлж байсан албан тушаалын цэргийн цолны цалинг харьяалсан үндсэн байгууллага сар бүр олгох гэсэн 3 заалтыг хүчингүй болгожээ.
Мөн 7 дугаар зүйлийн 7.1.10-т Гадаадын цэргийн сургуульд суралцагч офицер, ахлагчийн суралцах хугацааны цалин хөлсийг төр хариуцахаар тусгасныг “сургалтын тэтгэлэг” гэж, 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасан “Дотоод, гадаадын цэргийн сургуульд суралцаж байгаа сонсогч, сурагчийн цалин хөлсний хэмжээ, нэмэгдэл олгох журмыг батлан хамгаалах, хил хамгаалалтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэснийг “Гадаадын цэргийн сургууль, академи, дамжаанд суралцагчийг сонгон шалгаруулах, сургалтын тэтгэлгийн хэмжээ, тэтгэлэг олгох журмыг Засгийн газар батална” гэж тус тус өөрчилсөн юм.
Энэхүү эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх, хүчингүй болгох асуудлаар УИХ-ын АБГББХ дээр өмнө нь хэлэлцэж, улс орны эдийн засгийн байдал сайжран, ОУВС-гаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр дуусахад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хүчингүй болгосон заалтуудыг эргүүлэн тусгах, өөрчлөлт оруулсан заалтыг хуучин хүчин төгөлдөр үйлчилж байсан хэвээр хуульчлан баталгаажуулах, цэргийн алба хаагчдын эрх зүйн баталгааг хангах төрийн үүргийг ханган ажиллах нь зүйтэй гэж үзжээ.
Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь батлан хамгаалах болон зэвсэгт хүчний зарчим, цэргийн алба хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг дээшлүүлэх, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг сайжруулах зорилтын хүрээнд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиас дордуулахгүй байх чиглэлтэй нийцэх тул Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын баталгаа сайжирч, улс орныг батлан хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг болно гэж үзжээ.
Эх сурвалж: УИХ-ын ХМОНХХ
1 comment
umnuh zaaltaas dorduulsan uurchlult bna