Өнөөдрийн Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тэрбээр энэ үеэр онцлон хэлэхдээ “Олон улсын мэдээллийг ажиглахад өвчилсөн хүн дахин өвчлөх асуудал гарч байна. Хэдийгээр ийм тохиолдол манай улсад гараагүй байгаа ч шинэ халдвар учраас хэлж мэдэхгүй. Тиймээс давхар хяналттай л ажиллана. Бид иргэдийн дунд вирус тархаахгүй бариад байж чадна гэж бодож байна. Манай иргэд итгэлтэй байх хэрэгтэй. Бидний хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийг иргэд маань давхар ойлгох хэрэгтэй. Гэхдээ дэлхий энэ өвчнийг цар тахал гээд зарлачихсан байгаа үед халдвар Монгол Улсад орж ирэх нь цаг хугацааны л асуудал. Учир нь бид маш эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Иргэдийн дунд өвчлөл гарах эрсдэл маш өндөр хэвээр байгаа. Тиймээс иргэн бүр сэрэмжтэй байх нь зөв. Гэхдээ үүнээс болоод бас их айж түгшиж болохгүй” гэлээ.
М.Баяр