Эрүүл мэндийн яам цаг үеийн мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ
“Сүүлийн 24 цагийн 119 дугаарын утсанд 116 дуудлага ирсэн байна. Үүнээс БНСУ-аас манай улсын нэг иргэн холбогдож зөвлөгөө авсан бол Монголд байгаа иргэдээс худалдаа үйлчилгээний газрууд хоорондын зайг барихгүй байна гэсэн гомдол санал ирүүлжээ. Иймд иргэдийг худалдаа үйлчилгээний газраар явахдаа амны хаалт зүүж хоорондоо 1.5-2 метрийн зай баримтлахыг сануулж байна. Өнөөдөр дэлхийн гарын ариун цэврийн өдөр тохиож байна. Гарын ариун цэвэр бол маш олон халдварт өвчнөөс сэргийлэх маш чухал зүйл юм. Түүнчлэн COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх нэг үндсэн арга бол ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм. Тиймээс Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, Дэлхийн зөн болоод бусад байгууллагууд хамтран эрүүл ахуйн аяныг зохион байгуулж байгаа. Энэ аян тавдугаар сараас есдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Энэ хүрээнд гараа угаах, орчныхоо хог хаягдлыг цэвэрлэх, нүхэн жорлонг сайжруулах зэрэг эрүүл ахуйн арга хэмжээг зохион байгуулна. Тус арга хэмжээг НЭМҮТ-ийн санаачилгаар хэрэгжүүлж буй бөгөөд албан байгууллага бүр орчныхоо 50 метр квадрат талбайд цэвэрлэж, хоггүй болгох үйл ажиллагааг эхлүүлсэн” гэлээ.
–Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал
“Монголд Улсад өнөөдрийн байдлаар 1043 иргэн ажиглалтад байна. Харин өссөн дүнгээр нэгдүгээр сарын 9-нөөс хойш 6484 иргэнийг тусгаарлалт ажиглалтад авсан. Сүүлийн гурван тусгай үүргийн онгоцоор 821 иргэн эх орондоо ирснээс 45 хүнийг ХӨСҮТ, эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай 56 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлаад байна. Бусад иргэдийг амралт сувиллын газар,зочид буудалд ажиглалтад байна. Нийслэлийн хэмжээнд гэрээр 939 хүн тусгаарлалтад байна. 124 өрхийн эрүүл мэндийн төв хяналт тавьж байна” гэлээ.
М.Баяр