COVID-19 халдварт вирусийн дэгдэлт Монголын нийгэмд хэрхэн нөлөөлж байгаа талаар эрдэмтэд үгээ хэлж эхэлжээ. Энэ удаа бид Монголын Философийн холбооны Ерөнхийлөгч, доктор Д.Гантөмөрийн өгүүллээс хүргэе.
Коронавирусийн цар тахал нь анагаах ухаан, эдийн засгийн салбарт хүчтэй сорилт болохын зэрэгцээ бидний аж төрөх ёс, оршихуй, амьдралын үнэ цэн, итгэл үнэмшлийн талаар тодруулга, шинэ санаа, оновчтой зөвлөмж нэхсэн цаг үе болж байна.
Тиймээс CNN, Irish Times, New-York Times зэрэг хэвлэл, “Philosophy Talk”, “New Philosophers” гэх мэт сайтад философич эрдэмтэд цар тахлын үеийн сэтгэлзүй ба нийгэм, соёлын өөрчлөлт, хандлагын талаар санаа бодлоо илэрхийлсэн нийтлэл, ярилцлагууд өгсөн байна.
Лийдс, Дублин, Нью-Йорк, Оксфорд, Хумбольдт, Лейбниц зэрэг их сургуулийн философич эрдэмтдээс Elsevier, Springer–ийн сэтгүүлд цар тахалтай холбоотой эпидемологийн философи, эпистемологи, ёс зүйн асуудлаар хэдэн жилийн өмнөөс өгүүллүүд хэвлүүлсэн. Судлаачид эртний грекийн сэтгэгч Сократ, стоицизм, дарвинизм, гуманизмийн сургаалуудыг эшлэж, экзистенциализм дахь үхэл, айдас, зовнил, жам ёсны эрх, сонголт зэрэг ойлголтуудтай холбон тайлбарласан нь цөөнгүй.
Мөн био ёс зүйн нарийн төвөгтэй асуудлууд, тэдгээрийн үндэслэл, үр нөлөөг тайлбарлаж байна. Сошиал медиа, хэвлэлүүдээс харахад, манай иргэд цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг уламжлалт сэтгэлгээний буюу нүүдэлчдийн байгальтай хандах ёс заншил, хорио цээр, буддизмын шүтэн барилдахуйн зарчим, хамаг амьтан хийгээд юмсын “би” ашид үгүй, мөнх бус, үйлийн үр, гэгээрлийн тухай сургаал, уламжлалт анагаах ухааны тайлбаруудтай холбон санаа бодлоо илэрхийлж байна.
Хүн төрөлхтөн түүхэндээ тарваган тахал, азийн ханиад, холер, ДОХ зэрэг вирусийн халдваруудтай нүүр тулан туршлагажиж, ийм цаг үед хүний оришхуй, ирээдүй талаар илүү эргэцүүлж, ирээдүйгээ хэрхэн аюулгүй зохион байгуулах вэ гэдгийг төсөөлөн өөрчилж ирсэн. Саяхан Шведийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үндэсний зөвлөл COVID-19 цар тахлаас сэргийлэх үйл ажиллагааны явцад хамгаалах хэрэгслийн нөөцийн хэмжээг тогтоох болон эмнэлгийн яаралтай үйлчилгээний удирдамжийг шинэчлэн боловсруулахдаа философичдын зөвлөгөөн тулгуурласан байна. Төсөлд анагаахын ёс зүй судалдаг философичид хамтран оролцож, Шведийн эрүүл мэнд хамгааллын ёс зүйн хөтөлбөр дээр суурилж, одоогийн нөхцөлд хэрэглэх үндэсний удирдамж боловсруулсан байх жишээтэй.
Эдүгээ бид цахимжсан иргэншлийг бүтээж, дижитал технологийн эрхшээлд орсон нь гэрээсээ гарах эрхээ ч хязгаарлахаас аргагүй болсон үед маш тод харагдаж байна. Хиймэл оюун ухааны хөгжил хүний оршихуйд маш хурдтай нөлөөлж байгаагийн илрэл юм. Энэ тахал цахимжсан хүмүүнд байгалийн хуулийн сануулга болж байна уу. Магадгүй удаан хугацаагаар хорио цээр үргэлжлэвэл цахим орчноос зугатах, уйдах үзэгдэл ч нэмэгдэж болно. Нөгөө талаар хүмүүс бидний хэт их хэрэглээнээс үүдсэн гажуудлын дохио. Гэхдээ айдас, сэтгэл санааны тайван бус байдалд орсон хүний эрхийг хангах, эдийн засгийн асуудалд төр засгийн зөв зохицуулалт, чиглүүлэг чухал болох нь харагдаж байна.
Нэмж хэлэхэд даяаршлын үеийн хөгжлийн хөтөлбөрүүд хүмүүний дотоод сэтгэл санааны айдас, зовлон, шаналлыг “гадаад”, “гуравдагч” байдлаар харж байсны үр дагавар юм. Цаашид хувь хүмүүс болон улс орнуудын хооронд харилцан хүндэтгэл, ёс суртахуунт чанар нэн чухал гэдгийг ухааруулж байна даа. Хөл хорионд ороод хувь хүний эрх чөлөө, хүсэл хязгаарлагдахын хэрээр нийгмийн эв нэгдэл, хамтач үзэл, бусдын эрхийг хүндэтгэх хэм хэмжээг чухалчлах хандлага нийтлэг боллоо.
Бэлтгэсэн Н.БАТАА