“Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор нөөцийн махны өргөтгөсөн худалдааг тавдугаар сарын 2-ноос эхлэн долоо хоногийн турш 24 байршилд 10.00:19.00 цагийн хооронд зохион байгуулж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүд буюу тавдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд энэхүү худалдаагаар Нийслэлийн 6 дүүрэгт хонины мах 6500 төгрөг, ямааны мах 6000 төгрөгөөр, нийт 246,71тн махыг борлууллаа. Өргөтгөсөн худалдаа 05 сарын 08-ныг дуустал үргэлжилнэ.
Баянгол дүүргийн 22 хорооны иргэн Х.Оюун: Жил бүр махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах нь иргэдэд тустай.
-Зах худалдааны төвд хонины мах 8500-10500 төгрөг байна. Сая Баянзүрх дүүргийн хүнсний захад хонины мах 10500 төгрөг байна. Гэтэл махны өргөтгөсөн худалдааны хонины 1 кг мах 6500 төгрөг байгаа нь тэтгэврийн бидэнд үнэ хямд, боломжийн, амьдралд дэмтэй байна.
Тэтгэврийнхээ 60 хувийг хүнсэнд, үүнээс дийлэнхийг нь мах худалдан авахад зарцуулдаг. Сар шинийн өмнө махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулсан нь иргэдийн амьдралд хэрэг болсон. Цаашид жил бүр энэ худалдааг зохион байгуулах нь иргэдэд хэрэгтэй тустай юм.
Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны иргэн В.Лувсан: Цаашид мах бэлтгэхдээ чанар хадгалалтад анхаарах хэрэгтэй
-Жилийн бүр махны нөөц бүрдүүлээд ажилладаг. Намар мах бэлтгэхдээ чанар, хадгалалтад анхаарах хэрэгтэй. Дэлгүүрт байгаа жижиглэсэн махнаас илүү энэ махнаас аваад өөрсдөө эвдэж бэлтгээд хүнсэндээ хэрэглэх нь бидэнд аятайхан санагддаг. Намар бэлтгэсэн хонин махнаас 21 кг -тайг худалдан авлаа.
Өргөтгөсөн худалдааг ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгино хайрхан, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар тус тус хамтран өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд гарсан шийдвэр, дүрэм журам, зөвлөмжийг чанд баримтлан мөрдөж, тогтсон байршлуудад зохион байгуулж байгаа юм.
Нөөцийн мах борлуулах цэгийн талаарх мэдээллийг энд дарж авна уу.