Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон 1994 оноос тэмдэглэсээр ирсэн юм.
Энэ өдрийг Монгол Улс “Айдас үгүй, Зусар үгүй сэтгүүл зүй” уриа дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагын гаргасан судалгаагаар Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөрөө 2019 онтой харьцуулахад гурван байраар ухарч, 73-т орсон ажээ. Үүнд зөрчлийн хуулиар шийтгүүлсэн хүмүүсийн дийлэх нь сэтгүүлчид байсантай холбоотой хэмээн Глоб Интернэйшнл төвөөс мэдээлж байна.
Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг юм.