Сэтгэлзүйчид сүүлийн үед хүний автомат тархи ба ухаалаг тархи хоёрын талаар их ярих болсон. Энэ яриа уг нь тийм ч сүүлийн үеийн зүйл ч бас биш. Бүүр 2,500 жилийн өмнөөс Грекчүүд хүний 4 темпраментийг гаргаж ирж байсан бол 100 жилийн өмнө Зигмунд Фрейд далд ухамсрын тухай онолдсон.
Автомат тархи бол уг нь эдийн засгийн шийдвэр гаргахад зориулагдаагүй. Амиа аврахад буюу байгаль эхтэй харилцахад зориулсан, асар богино хугацаанд хариу үйлдэл үзүүлэгч тархи юм.
Хэрхэн тэтгэврийн хөгшинд 5 саяын үнэтэй тоос сорогч шахаж чадаад байна вэ? Үүний хариулт бол борлуулалтыг Автомат тархинд хийж байгаатай холбогдоно. Рационал тархи бол хэзээ ч ийм шийдвэр гаргахгүй.
Рационал тархи бол эдийн засгийн шийдвэр гаргаж, бизнес удирдаж, хурал даргалж байвал зохилтой тархи билээ. Гэвч бизнес уулзалтууд дээр бид хичнээн удаа нэг нэгнийхээ илт дургүйцсэн царайг хардаг билээ. Энэ бол автомат тархи юм.
Хүний автомат тархи бол рефлекс юм. Жишээ нь, ойд явж байтал гэнэт бар гарч ирлээ. Энэ хооронд рационал тархи бодож, тунгааж, дүгнэж байхыг нь хүлээгээд хүн зогсч байж таарахгүй. Огт юу ч бодохгүй, автоматаар л үйлдэл хийж таарна. Энэ бол бидэнд байгалаас заяасан бэлэг юм.
Автомат тархи төрөлхийн зөнгөөс(амиа аврах) гадна бас зуршлыг өөртөө агуулдаг бололтой. Зуршил бол хүнтэй цуг төрсөн байгалийн өгөгдөл биш харин олон удаа давтсаар суусан зүйл. Тамхи татах бол хүний физиологийн зуршил (сайн ухвал сэтгэл зүйн болж таарна л даа) гэж үзвэл хүнд ямар ямар сэтгэл зүйн зуршил байна вэ?
Хүмүүс өөрт нь таалагдахгүй зүйл ярих бүрт чангаар буруушаах зуршил байж болно. Бүүр үнэтэй л бол чанартай гэж бодох нь ч өөрөө зуршил юм.
Зуршил суудаг. Буруу зуршил хортой. Буруу зуршлыг тамхиа хаяхтай адил хаяж чаддаг байх ёстой.
Зуршил дандаа үнэн дүр төрхийн эсрэг байдаг. Жишээ нь, хүмүүст тус хүргэх сэдэлтэй, хүмүүсийг хайрладаг суурь бодолтой хүн байя. Гэтэл сэтгэл зүйн буруу зуршлаасаа болоод дандаа хүмүүсийг гомдоож явдаг байж болно.
Зохиолч Марк Твэйн “Хүн ядаж 7 хоногт 1 удаа боддог бол” гэж дуу алдсан гэдэг. Санаа нь рационал тархиа хүн хааяа ч гэсэн ажиллуулж бодит байдалд бодитой үнэлэлт дүгнэлт өгч байх хэрэгтэй юм.
Бид амьдралынхаа 95 хувийг сэтгэл зүйн буруу зуршлаараа удирдаад яваад байгаа юм биш биз?
Амьтанд байдаг, амиа аврахад зориулагдсан Автомат тархи маань хүний нийгмийн мэдлэг, бодолт шаардсан үйлдлүүдийг удирдахад хүрэлцэхгүй байгаа юм биш биз? Зуршил буруу бас зөв байж болно.
Сэтгэлзүйн зөв зуршлыг автомат тархиндаа суулгаж болно. Ингэхийн тулд бид мэдлэгээ зузаалж, Рационал тархиараа Автомат тархиа удирдаж, түүндээ сэтгэл зүйн зөв зуршлуудыг суулгаж сурах хэрэгтэй юм.
2015.05.04-нд
Ө.Ганзориг