Япон Улс коронавирусийн халдварын эсрэг эмчилгээнд хэрэглэж буй “Авиган” гэх эмийг хэрэглэж буй. Тэгвэл тус улсын Засгийн газраас манай улсад 12 мянган эмийг үнэгүй өгөх шийдвэр гаргасан байна.
Тодруулбал Япон Улсын Засгийн газраас “Авиган” эмийг НҮБ-ын Төслийн үйлчилгээний байгууллагын шугамаар дэлхийн улс орнуудад үнэгүй нийлүүлэх хөтөлбөр зарласан билээ. Тухайн үед манай тал хүсэлтээ илэрхийлсэний дагуу Японы талаас 12 мянган эмийг үнэгүй өгөх шийдвэр гаргасан тухай ноот бичгийг талууд дөрөвдүгээр сарын 23-нд Улаанбаатар хотноо харилцан солилцоод байна.
Дэлхий дахиныг хамарсан шинэ төрлийн коронавирусын цар тахлын үед Монгол Улсын эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай эм, хэрэгслийг худалдан авах үйл ажиллагаанд Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам энэ оны нэгдүгээр сараас идэвхитэй дэмжлэг үзүүлэн ажиллаж буй юм.
Энэ хугацаанд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны хүсэлтээр Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний төв болон “Жичи” анагаах ухааны их сургуулийн монгол оюутны холбооноос тус тус туслалцааны шугамаар, Япон Улсын “Ивай кэмикалс” компаниас худалдан авч, нийт зургаан удаагийн илгээлтээр 43,000 орчим удаа “PCR” шинжилгээ хийх оношлуурын урвалж материалыг одоогоор эх орондоо хүргүүлжээ.
Мөн коронавирусийн өвчний эмчилгээнд хамгийн үр дүнтэй хэмээн тооцогдож буй Япон Улсад үйлдвэрлэсэн “Авиган” эмийг оруулж ирэхээр “FUJIFILM Toyama Chemical” компанитай яриа хэлэлцээг хийсний дүнд өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд 25 мянган ширхэгийг шуурхай худалдан авч Монгол Улсад илгээсэн байна.
Эх сурвалж: Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам