УИХ-ын чуулганы өчигдрийн /2020.04.30/ нэгдсэн хуралдаанаар Д.Тогтохсүрэн нарын найман гишүүн санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулсан бөгөөд төсөл нь 6 бүлэг, 3 дэд бүлэг, 81 зүйлээс бүрдэж байгаа аж.
Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан юм. Иргэдэд хамгийн ойрын нэгж болох баг, хорооны эрх зүйн байдлыг тодорхой болгож, нутгийн өөрийн удирдлагын бусад хэлбэрийг хэрэгжүүлэх, Үндсэн хуульд заасан зарчмын хүрээнд өдөр тутмынхаа тулгамдсан асуудлыг орон нутаг өөрсдөө бие дааж шийдвэрлэх, шийдвэрийн үр нөлөө, хүчин чадлыг дээшлүүлэхийг хуулийн төсөлд гол зарчим болгосон.
Ингэхдээ сум, дүүрэг нь орон нутгийн өөрийн удирдлагын бие даасан суурь нэгж байж, иргэдийн амьдралын тулгамдсан асуудлууд, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн зорилтыг шийдвэрлэх чиг үүрэг, бүрэн эрхтэй байх, үүнтэй холбоотойгоор энэ хуулиар бий болох орон нутгийн чиг үүргийг голлон хэрэгжүүлэх нэгж байхад анхаарсан.
Мөн аймаг нь сумдын нийтлэг эрх ашгийн төлөөлөл болохын зэрэгцээ төв Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, сумд хоорондын асуудлыг зохицуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хяналт тавих чиглэл давамгайлсан чиг үүрэгтэй нэгж байх зарчмыг төсөлд тусгажээ.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх, шинээр байгуулах зарчим, журмыг төсөлд шинээр зохицуулжээ. Нэгжийг өөрчлөх асуудлыг голлон боловсруулж, зохион байгуулах байгууллага нь Засгийн газар байх, харин иргэдээс саналыг нь авах ажлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зохион байгуулах үүрэг хүлээх бөгөөд санал авах, үр дүнг тооцох журмыг Улсын Их Хурал тогтоох юм байна.
Мөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоныг өөрийн удирдлагын хүрээнд эдийн засаг, нийгэм, аж ахуйн асуудлыг түлхүү шийдвэрлэх орон нутгийн корпораци захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, (аймаг, сум, баг, дүүрэг, хороо) түүний удирдлагын хэлбэрт шилжих эрх зүйн үндэс бий болгохтой холбогдуулан хот, тосгонд засаг “Засаг захиргааны шинжтэй” зарим чиг үүргийг хэрхэн шилжүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага өөрийн нутаг дэвсгэр дэх хот, тосгоны өөрийн удирдлагатай харилцах суурь зарчмыг тогтоож өгчээ.
Түүнчлэн Үндсэн хуулийн үзэл санааны дагуу нутгийн удирдлагыг хөгжүүлэх, бэхжүүлэх асуудлын хүрээнд орон нутгийн чиг үүрэг, түүнчлэн төрөөс орон нутгийн удирдлагад шилжүүлж болох, шилжүүлж үл болох чиг үүргийн жагсаалтыг тодорхойлжээ. Ингэхдээ чиг үүргийг аль болох иргэдэд ойр нэгжид хуваарилан, санхүүжилтийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх зарчмыг баримталсан байна.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг улс төрөөс ангид байлгах зорилгоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үйл ажиллагаагаа намын бүлгээр бус Байнгын болон Түр хороо, Ажлын хэсэг зэрэг өөрийн дотоод зохион байгуулалтын бүтэц, арга хэлбэрээр явуулах зохицуулалтыг оруулжээ. Сумын Хурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй байх, мөн бусад Хурлын хувьд нэр дэвшүүлсэн нам нь төлөөлөгчөөр сонгогдсон гишүүндээ үүрэг хүлээлгэхгүй байхаар зохицуулж өгсөн байна.
Түүнчлэн аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг тухайн орон нутагт байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгох, харин нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сонгож байгуулахаар зохицуулжээ.
Мөн орон нутгийг бие даалгах, эдийн засаг, нийгмийн асуудлаа шийдвэрлэх эдийн засаг, нийгмийн цогцолбор болгох чиглэлээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тодорхой хувийг тухайн нэгжид хуулиар хуваарилах зарчмыг тусгасан байна.
Төрийн байгуулалтын байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Д.Оюунхорол, Л.Мөнхбаатар нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.
Гишүүдийн асуултад төсөл санаачлагч гишүүн Д.Тогтохсүрэн, ажлын хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Д.Ганзориг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор А.Бямбажаргал нар хариулт, нэмэлт тайлбар өгсөн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Б.Баттөмөр, М.Билэгт нар үг хэлж хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв.
Үг хэлж, асуулт асууж тодруулсан гишүүд орон нутаг дахь улстөржилтийг зогсоох үүднээс иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд улс төрийн намын бүлэг байгуулахыг хориглох, сумын Хурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй байх, бусад Хурлын хувьд нэр дэвшүүлсэн нам нь төлөөлөгчөөр сонгогдсон гишүүндээ үүрэг хүлээлгэхгүй байх зэрэг чухал зохицуулалт оруулсныг онцолж байв.
Мөн орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, тодорхой чиг үүргийг шилжүүлэх замаар иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг сайжруулахад чиглэсэн зохицуулалтууд туссан нь зөв зүйтэй болсныг хэлж байв. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Иймээс төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.