ҮХЦ-ээс гаргасан Сонгуулийн тухай хуулийн заалт Үндсэн хуульд заасан “сонгогдох” эрхийг зөрчиж байна гэдэг дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнгүй
УИХ-аас 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө УДШ-д бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг УИХ-ын гишүүн нэр дэвшүүлэх эрхтэй”, мөн зүйлийн 6.3-т “Эвсэлд нэгдсэн бүх нам энэ хуулийн 6.1-д заасан шаардлагагын хангасан байна” гэж тус тус заасан.
Уг заалтуудтай холбогдуулан Сүхбаатар дүүргийн иргэн Р.Гончигдорж, Сонгинохайрхан дүүргийн иргэн Э.Төмөрбаатар нар Үндсэн хуулийн цэцэд ханджээ.
Дээрх иргэдийн ҮХЦ-д хандсан мэдэгдэлд “Сонгуулийн тухай хуулийн 6.1, 6.3 дахь хэсгээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 9 дэх заалтаар олгогдсон “сонгогдох” эрхээ мөн зүйлийн 10 дахь заалтаар олгогдсон эрхээрээ баталгаажуулсан, улс төрийн нам байгуулах эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүдийг сонгох сонгуулийн үйл ажиллагаанд оролцох эрхээ хязгаарлуулж байгаа нь УИХ Үндсэн хуулийн 19.1 дэх хэсэгт заасан үүргээ зөрчин, УИХ-ын сонгуульд оролцох эрхийг хязгаарлах замаар иргэдийн Үндсэн хуулийн 16.9 дэх заалтад заасан “сонгогдох” эрхийг зөрчиж байна” гэжээ.
Уг мэдээллийг Үндсэн хуулийн цэц хүлээн авч, маргаан үүсгэн, дүгнэлт гаргасан байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд Сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг нь Үндсэн хуулийн 19.1 дэх хэсгийг зөрчсөн гэж дүгнэжээ.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.
Харин өнөөдрийн чуулганы хуралдаанаар уг дүгнэлтийг хэлэлцээд байнгын хорооны саналыг дэмжсэн буюу Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв.